Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцооны үр өгөөжийн талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

 

Сүүлийн үед орон нутгийн иргэдэд 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа нь нэлээд анхаарал татаж байна. Эрэлт хэрэгцээ ч их байгаа нь харагдлаа. Зээлийн хүүг хоёр дахин бууруулж буй энэ бодлогыг та эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

Ипотекийн зээл бол залуу гэр бүл, амьдралын чанараа сайжруулах гэж байгаа гэр бүлд нэмэр болохуйц, чухал хөтөлбөр. Ийм зээлийн хөтөлбөр олон орон болгонд бий. Ипотекийн зээлийн тогтолцоо Монголд 2013 онд гарч бий болж байсныг бодвол өнөөдөр арай өөрчлөгдөж, хөнгөлөлттэй санхүүжилтийн хөтөлбөр болж хувираад байна. Энэ ч үүднээс ипотекийн зээл тодорхой хэмжээний хүүний татаастай явдаг. Цаашид бид зээлийн бодлогын хүүг зах зээлийн зарчмаар нь явуулах чиглэлд бодлогын хүүг анхаарах ёстой. Манай улсад ипотекийн зээлийн хүү харьцангуй боломжийн түвшинд явж ирсэн. АНУ-тай ойролцоо түвшинд байна шүү дээ.Монгол улс нийслэл хотынхоо төвлөрлийг сааруулахын тулд цогц ажил хийж байна. Энэ агуулгаар нь харвал зээлийн хүүг 3 хувь дээр барьж буйг бүрэн үгүйсгэж болохгүй. Хамгийн гол нь, Засгийн газар хүмүүсийг орон сууцтай байх боломжийг бүрдүүлэхээс гадна, орон нутагт цалин орлоготой ажиллаж амьдрах орчин нөхцлийг ч бий болгоход анхаарах ёстой. Амьдралын ялгаатай байдлыг арилгахыг зорих хэрэгтэй.  Ингэж байж төвлөрлийг сааруулах бодлого цогцоороо хэрэгжинэ.

 Монголын ипотекийн зээлийн тогтолцоо хэр эрүүл юм бэ? Зарим үед улстөржүүлсэн өнцгөөс тайлбарлах нь бий. Ингэснээрээ зээлийн тогтолцоог иргэдэд буруугаар ойлгуулах асуудал үүсдэг шүү дээ. Монголын ипотекийн корпораци зээлийн тогтолцоонд ямар үүрэгтэй юм бэ?

АНУ-д ч Монголын ипотекийн зээлийн тогтолцоотой төстэй бүтэц бий гэдгийг би түрүүн дурдсан. Ипотекийн зээлийн хөтөлбөр яг юугаар дамжиж явагддаг юм бэ гэдгийг бид сайн бодох хэрэгтэй.  Энэ хөтөлбөрт анх Монголбанкыг татан оруулсан. Одоог хүртэл төв банк энэ хөтөлбөрөөсөө гарч чадаагүй байна. Үүний гол шалтгаан нь ипотекийн зээлийн хүү нь яг зах зээлийн зарчмаараа ажиллаж чадахгүй байгаатай холбоотой.

Энд нэг зүйлийг онцгойлж хэлэх хэрэгтэй. Хэрвээ Монголын ипотекийн корпораци /МИК/ гэдэг байгууллага өнөөдөр байгаагүй бол Ипотекийн зээлүүдийг банкуудаас хэн худалдан авах вэ, цааш бонд болгож хэн арилжаалах вэ, эргэн төлөлтөөр зээл дахин санхүүжигдэх нөхцөлийг хэн хангах вэ гээд олон асуудал нэлээн бүрхэг, эргэлзээтэй болж ирэх байсан. Өнөөдөр банкууд дээр олгогдсон зээлийн багцуудыг МИК худалдаж аваад, түүнийгээ цааш нь багцалж бонд болгох замаар ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүгийн эргэлтийг нь хангаж байдаг. Хөтөлбөр цааш үргэлжлэх нөхцөл боломж дээр нь томоохон дэмжлэг, нөлөөг үзүүлж байна гэсэн үг.

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИЙН ҮР ШИМИЙГ БИД ЦАР ТАХЛЫН ҮЕД ТОДООР ХАРЛАА"

Ер нь олон нийтийн дунд буруу зөрүү ойлголтууд яригддаг. Монголбанкнаас бага хүүтэй мөнгө гаргаж ирээд, дундаас МИК хураамж авч, хумслаад суудаг гэх ташаа ойлголт бий.

Ипотекийн зээл гэдэг өөрөө эрсдэлтэй. Тиймээс зээл олгож байгаа л бол тодорхой хэмжээний эрсдэлийн сан үүсгэх ёстой. Цаашид тогтвортой ажиллах ёстой, үйл ажиллагааны зардал гээд гээд олон зүйл байдаг. Хүү хэт өндөр байна гэж шүүмжилдэг. Гэтэл өнөөдөр Монголын улстөр, эдийн засгийн ийм орчинд ипотекийн зээлийн хүү үүнээс бага байх боломж бололцоо багатай. Харин санхүүгийн зах зээлийн хүүг бууруулъя гэж байгаа бол эдийн засаг нийгмийнхээ нөхцөлийг сайжруулах ёстой. Тэгэхээр “МИК муу ажиллаж байна. Дундаас нь мөнгө авч байна уу гэх хардлага, цаашлаад хүү их байна” гэдэг улстөрчдийн мэдэгдлүүд нь санхүүгийн зах зээл санхүүгийн үйл ажиллагааны   ар дахь  процессыг төдийлөн гадарладаггүй хүмүүсийн өнгөц мэдээлэл, хоосон хардлага гэж ойлгож болно. Ипотекийн зээлийн тогтолцоо оршин байхын тулд Монголын ипотекийн корпораци , түүнтэй төстэй байгуулага заавал байх ёстой гэж болно.        

Монголын ипотекийн корпораци /МИК/ эрсдэлийн сан үүсгэж явдаг. Үүний ач холбогдол нь юу байна