Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр зэвсэгт бослого гаргасанд буруутгагдаж байгаа Вагнер группийг Оросын төр бүрэн санхүүжүүлж байсныг Путин өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Тэрбээр Мягмар гарагт батлан хамгаалах яамныхаа удирдлагуудтай уулзах үеэр “Вагнер группийн урсгал зардлыг бүхэлд нь төрөөс хариуцаж байсныг би онцлон тэмдэглэмээр байна. Батлан хамгаалах яамнаас, улсын төсвөөс бид уг бүлгийг бүрэн санхүүжүүлж байсан” гэж хэлснийг ТАСС, Риа Новости агентлагууд мэдээлсэн байна.

Тухайлбал 2022 оны тавдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд ОХУ-ын засгийн газар Вагнер группийг 86 тэрбум гаруй рублиэр (бараг нэг тэрбум ам.доллар) санхүүжүүлсэн гэнэ.

Үүнээс гадна дахин ийм хэмжээний мөнгийг Оросын армийн хоол хүнсийг нийлүүлдэг Пригожиний Concord Catering компанид төлсөн байна.

Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийг Пригожин 2014 онд байгуулж байжээ. Уг компанийн ард байдгаа Евгений Пригожин дөнгөж өнгөрсөн онд анх удаа хүлээн зөвшөөрсөн юм.

Вагнер группийн хөлсний цэргүүд Украины дайнд чухал үүрэгтэй оролцож, удаан тулалдсаны эцэст өнгөрсөн сард Бахмут хотыг эзлэн авсан юм.

Одоо тус компанийн цэргүүд Африк, Ойрх Дорнодын орнуудад гэрээгээр үүрэг гүйцэтгэдэг.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон зэвсэгт бослогын дараа Вагнер групп болон Пригожиний хувь заяа бүрхэг болоод байна.

 

Эх сурвалж: BBC