Консул асан Д.Мөнх-Эрдэнэд ял оноосон нь энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 зүйлчлэлд гэм буруутайд тооцон 3,7 сая төгрөгийн торгууль ноогдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 3 жил 10 сарын хорих ял оноолоо. Тэрээр улсад 82 сая төгрөгийн онц ноцтой хохирол учруулсан, бусдад хахууль өгөх замаар 10 сая төгрөг олж авсан. Ийм учраас нийт 92 сая төгрөгийг буцаан төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

БУРУУТГАСАН ҮНДЭСЛЭЛҮҮД:

  1. БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулоор ажиллах хугацаандаа БНХАУ-ын иргэнтэй түрээсийн гэрээ байгуулж, байрны түрээст 93 сая төгрөг төсөвт өртгөөс гаргуулсан
  2. Хөх хот дахь Хянган замын тусгай дунд сургуулиас сургалтын төлбөр аваагүй байхад өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт 15 сая төгрөг төлсөн мэтээр хуурамч баримт бүрдүүлж, төсвийн хөрөнгөөс гаргуулж өөрийн эхнэрт олгосон
  3. Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд ашиглаж байсан "Соната-7”, “Старекс” загварын автомашиныг шинэчилсэн бүртгэлд хамруулах нэрийдлээр БНХАУ-ын иргэнийг техникийн туслах ажилтнаар авч, 1,8 сая төгрөгийн цалин олгосон
  4. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад замын зардал олгохдоо Дэд Консул Б.Батзоригт 738 мянган төгрөг, атташе Д.Бямбаад 300 мянган төгрөг, эхнэр Д.Баянжаргал болон өөртөө 551 мянган төгрөг илүү олгож, төсөвт хохирол учруулсан
  5. Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан
  6. Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн
  7. "Евро сервис" ХХК-ийн захирал Б.Ганбаяртай бүлэглэж, газар ашиглах хугацаа сунгасан гэрчилгээ гаргаж бусдад давуу байдал бий болгосон. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт албан тушаалтай нь холбогдуулан 20 сая төгрөг хахуульд өгсөн.Б.Эрдэнэбаяр гэгч нь "УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа газрын гэрчилгээ сунгуулж өгнө" хэмээн 20 сая төгрөгийн авилга авсныхаа төлөө 16 сая төгрөгөөр торгууллаа.

 Нөгөө талдаа, иргэдийг бухимдуулсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн нэг асуудал нь 10 тэрбумын авлигын хэргээр цагдан хоригдсон Улаанбаатар төмөр Замын тээвэр зохицуулалтын албаны дарга С.Батдөл юм. Хамгийн сүүлд шүүхээс өгсөн мэдээллээр түүний цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ. Түүнчлэн, энэ долоо хоногт Засгийн газар шувуу ажиллагааны хүрээнд гадаад улсаас албадан авчирсан Т.Бадамжунайн хэрэг замхраад өнгөрөх үү, аль эсвэл шүүх Д.Мөнх-Эрдэнийн хэрэг шиг шуурхай шийдэх үү гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Түүний хувьд, ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байхдаа төслийн мөнгө завшсан хэргээр 2012 оноос л шалгуулж эхэлсэн байдаг. Сүүлд бусдаас авилга авсан хэргээр шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх болоход 2018 онд Замын-Үүд боомтоор гарч зугтаасан байдаг юм.