Өнгөрсөн долоо хоногт Берлин дэх ОХУ-ын элчин сайдын яаманд дэлхий хоёрдугаар дайны ялалтын баярт зориулсан хүлээн авалт болсон юм.

Энэ арга хэмжээнд Герман улсын канцлер асан Герхард Шрёдер гэргийн хамт оролцжээ. Үүний улмаас канцлер асны гэргий Со Ён Шрёдер-Ким төрийн өмчит компанид хашдаг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

Тэрбээр Германы Умард Рэйн-Вестфаль мужийн гадаад худалдааг дэмжих NRW.Global Business байгууллагыг Өмнөд Солонгос улсад төлөөлөн ажилладаг байжээ.

Тус компаниас өчигдөр гаргасан мэдэгдэлд Со Ён Шрёдер-Кимтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгож байгааг зарласан байна.

Одоо 79 настай Герхард Шрёдер нь 1998-2005 оны хооронд Германы канцлераар ажиллаж байсан юм. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатайгаараа алдартай нэгэн.

Канцлерын ажлаа өгсний дараа тэр Оросын төрийн өмчит Газпром, Роснефть зэрэг компаниудад өндөр цалинтай албан тушаал хашиж байсан юм.

Украины дайн эхэлсний дараа Берлиний эрх баригчид Оростой тогтоосон хэлхээ холбооноосоо татгалзахыг экс канцлераас шаардаж байв. Шредёр уг шаардлагыг хүлээж аваагүйн улмаас Германы засгийн газраас түүнд үзүүлдэг олон төрлийн тэтгэмжээсээ салж байжээ.

 

Эх сурвалж: Market Watch