“Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улсын иргэдийн ихээр очиж үйлчлүүлдэг энэтхэгийн "Marengo Asia" эмнэлэг Монголд нээгдэхээр болжээ.
Монгол Улсаас Энэтхэгт рүү явахаар сард 1,000 орчим хүн виз авдаг бөгөөд эдгээрээс ихэнх нь хорт хавдар, эрхтэн шилжүүлэх, тархи, нугас, зүрх зэрэг эрүүл мэндийн шалтгаануудаар явж эмчилгээ хийлгэх зорилготой байдаг аж.
"Marengo Asia" эмнэлэг нь зүрх, бүх төрлийн эрхтэн шилжүүлэх болон гэмтэл, мэдрэлийн мэс заслаар илүү нарийн мэргэшсэн байна.
Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Д.Ганболд "Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын давуу талууд гэвэл:
- Англи, Америкт мэргэжил дээшлүүлж 20 гаруй жил мэргэжлээрээ ажилласан эмч нар
- Эмнэлгийн менежмент нь барууны дээд зэрэглэлийн стандартаар явдаг
- Сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмж
- Өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж, хямд үнээр борлуулдаг эм
Түүнчлэн үнийн хувьд маш хямд байна. Японд 100 мянга хавьцаа доллар, Солонгос, Турк, Тайландад 50, 60 мянган долларын хагалгааг Энэтхэгт 20 мянга орчим доллароор хийж байх жишээтэй. Энэ бүгдийг бүтцээр нь Монголд оруулж ирэх юм бол манай улсын өвдөж зовсон иргэдэд олон талын ашигтай болно" гэв.
Мөн тус эмнэлэг нь Халдвар судлал үндэсний төв, Нэгдүгээр эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг болон Интермед зэрэг эмнэлгүүдтэй төрөл бүрийн хамтын ажиллагааны хэлбэрүүдийг ярилцаж байгаа бөгөөд одоогийн байгаа нөхцөл дээрээ энэтхэгийн мэргэжилтнүүдийг авчирч давхар Монгол эмч нарыг сургах үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.