Ойрх Дорнодод одоогоос 4,500 орчим жилийн өмнө амьдарч байсан хүмүүс үнсэлцдэг байсныг батлах археологийн дурсгал саяхан олдсон нь хүн төрөлхтний романтик үнсэлтийн тухай хамгийн эртний баримт болжээ.

Өмнө нь Энэтхэгээс олдсон 3,500 орчим жилийн өмнөх археологийн олдворыг хамгийн эртнийхэд тооцдог байсан юм байна. Өөрөөр хэлбэл шинэ баримт нь уг түүхийг 1,000 орчим жилээр урагшлуулжээ.

Найз нөхөрлөл, төрөл төрөгсдийн хүрээнд хүмүүс бие биеэ үнсэх нь хайраа илэрхийлэх түгээмэл арга байсан нь олон соёл иргэншлийн олон баримтаар батлагддаг.

Харин романтик харилцааны үндсэн дээр үнсэлцэхийг дэлхий даяар түгээмэл соёл байсан гэдэгт эрдэмтэд эргэлздэг байв.

Сүүлийн баримтыг судалсан эрдэмтэд үнсэлт нь тодорхой нэг газар нутгаас гаралтай зүйл биш, дэлхий даяар, соёл иргэншил бүрд байсан нийтлэг зан үйл байж магадгүй гэж дүгнэжээ.

Тухайлбал эртний Месопотамын шавар бичээсүүдэд үнсэлцэх нь гэрлэсэн хосуудын хийдэг зүйл, бас гэрлээгүй ч дурласан хүмүүсийн хоорондоо хийдэг зүйл болох тухай бичсэнийг тайлж уншсан юм байна.

Месопотам бол Тигр, Евфрат хоёр мөрний сав дагуу, өнөөдрийн Сири, Иракийн нутаг дэвсгэрт оршиж байсан эртний соёл иргэншлийн нэр юм.

Бичвэрийг судалсан эрдэмтдийн нэг Дани улсын Копенхагены Их сургуулийн Месопотамын анагаах ухааны түүхийн мэргэжилтэн Троелс Панк Арбол “Шавар хавтангийн бичээсүүдэд үнсэлт нь найз нөхөрлөл, төрөл төрөгсдийн хүрээнд хийдэг зүйл төдийгүй дурласан хүмүүсийн дотно харилцааны нэг хэсэг байсан тухай тодорхой дурдсан байна. Тиймээс бэлгийн дур хүслийн шалтгаанаар үнсэлцэхийг тодорхой нэг бүс нутгаас тархсан зүйл биш, эртний олон соёл иргэншлүүдэд олон мянганы турш хадгалагдаж ирсэн нийтлэг зан үйл гэж үзэж болохоор байна” гэж ярьжээ.

Science шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны талаар өгүүлэлд бас хүнтэй хамгийн ойрын төрөл зүйл болох мичнүүдийн дунд үнсэлцэх зан үйл байдгийг дурдаад энэ нь хүн төрөлхтөн өвөг дээдсээсээ өвлөж авсан зуршил байх боломжтой тухай бичсэн байна.

Жишээлбэл бонобо мичнүүд бэлгийн харилцаанд орох зорилгоор нэгнээ үнсдэг бол шимпанзе нийгмийн харилцаагаа зохицуулж, хадгалахын тулд нэг нэгнээ үнсдэг тухай бичжээ.

Эрдэмтэд амаар дамждаг халдварт өвчний талаар бичсэн эртний Месопотамын бичээсүүдийг судлах явцдаа энэ баримтыг олсон юм байна.

 

Эх сурвалж: The Guardian