Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын тэрбумтан, бизнес эрхлэгч Илон Масктай цахимаар уулзсан юм.

“Space X” компани Старлинк интернэт үйлчилгээг дэлхийн олон оронд нэвтрүүлжээ. Манай улсад энэ станцыг нэвтрүүлэхийн тулд газрын станц байгуулах шаардлага байсан байна.  ЦХХХ-ны сайд Н.Учрал тушаал гарган, энэ шаардлагыг  цуцалснаар “Старлинк” Монголд үйл  ажиллагааг эрхлэх боломжтой болжээ.

Тус компани  ХХЗХ-нд тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргажээ. Мөн Ерөнхий сайд дэвшилтэт технологийг татварын бодлогоор дэмжих, гэхдээ хувийн  хэвшлийн өрсөлдөөний орчинд сөрөг нөлөө үзүүлж болохгүйг анхааруулсан байна. Шилэн кабел нэвтрүүлсэн газруудад “Старлинк Монголиа”-гийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага байхгүй аж.

“Старлинк Монголиа” компани хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой гэж Н.Учрал сайд мэдээлэв. Үүний тулд Зөвшөөрлийн тухай болон Харилцаа холбооны хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Ирэх сард “Старлинк Монголиа” компанийн төлөөлөгчид манай улсад ирж ажиллах юм байна. Тус компанийн интернет үйлчилгээг алслагдсан нутгууд, боомтуудад нэвтрүүлэх боломжтой. Хүссэн иргэд ч энэ үйлчилгээг авах боломжтой гэв. Манай улс энэ онд багтаан 5G давтамжийн зөвшөөрлийг интернет үйлчилгээ үзүүлэгчдэд олгохоор төлөвлөн, интернет хурдасгуурыг нэвтрүүлэх юм. “Старлинк Монголиа” манай улсад ажиллаж эхэлснээр интернетийн хурд сайжран, үнэ буурах нөхцөл бүрдэнэ.    

Илон Масктай ярилцсан дараагийн асуудал нь цахилгаан машин, эдгээрийг цэнэглэх станцуудыг Монголд байгуулах тухай байжээ. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахилгаан машин цэнэглэх станцууд байгуулах ажлыг судлах ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.