Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болох байсан ч АТГ-аас ирүүлсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаанд хойшлуулсан. 

Энэ талаар Нүүрсний гэх хэргийг хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй" гэж үзээд хойшлуулсан гэж мэдээлж байв. 

Тэгвэл Ардчилсан Намын бүлгийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Ганибал уг асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Нээлттэй сонсголд гэрчээр дуудагдах 100 гаруй хүнийг нэрийг зарлах хуралд түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдыг бид зургаан цаг хүлээсэн. Удаан хүлээлгэсний эцэст хуралдаа ирсэн ч хойшлуулъя гэдэг санал гаргасан. 

Хэдийгээр УИХ-ын гишүүн Б.Бейсен бид хоёр сонсголыг явуулах ёстой гэсэн саналыг сөрөг хүчний хувьд тавьсан боловч, МАН-ын гишүүд болон ХҮН намын дарга Т.Доржханд нар дэмжиж хойшлуулсан. 

Түүнээс хойш түр хороо хуралдаагүй. Г.Ганболд гишүүн зургаан цаг алга болохдоо УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаж, чиглэл авсан юм билээ. АТГ-аас хойшлуулах шийдвэр гаргасан нь шалтгаан биш. 

Ер нь МАН-ын удирдлагууд энэхүү сонсголыг хойшлуулахад нөлөөлсөн гэсэн үг" хэмээв. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Цалин тэтгэвэр нэмэхдээ олон яам болон сайд нарынхаа тоог багасгах, төрийн өмчит компаниудаа татан буулгах ёстой" гэж ярилаа.