Өнөө шөнө Архангайн зүүн хэсэг, Булганы нутгаар ахиу хэмжээний бороо орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Тэгвэл маргааш говийн болон зүүн аймгуудын нутгаар 30 градус давж халах бол төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Урин дулааны улиралд иргэд гэр бүл, найз нөхдөөрөө голын эрэг дагуу амарч, зугаалахдаа усанд осолдох тохиолдол олон гардаг. 2022 онд нийслэлийн хэмжээнд 20 том хүн, найман хүүхэд усанд осолджээ.

Иймд ард, иргэд усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг НЗДТГ-аас гаргажээ. 

  • Зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх,
  • Хүүхдийг голын эрэг дагуу харгалзах хүнгүй явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үед голын усанд орохгүй байх,
  • Дуу цахилгаантай аадар бороотой үед үер усны аюулаас сэргийлэх,
  • Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих шаардлагатай.