УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотгол баталсантай холбогдуулан ХНХ, Сангийн сайд нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран харж буй хүмүүст асаргааны мөнгө нэмэгдэнэ гэсэн. Түүнчлэн хүүхэд хамгаалах болон асрамжийн төвүүдэд ажилладаг хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх боломжтой эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ХНХ-ын сайд Х.Булгантуяа хариулт өгөв.
Тэрбээр "Улсын төсвөөс цалинждаг буюу төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Жишээлбэл хүүхэд хамгааллын "Өнөр бүл" төв улсын байгууллага учраас ажилчдын цалин нэмэгдэнэ. Хүүхэд хамгааллын тухай хуулийг өргөн барих гэж байгаа. Уг хуулийн хүрээнд ирэх оноос эхлэн хүүхэд хамгааллын төсөв, хүүхэд хамгааллын нийгмийн ажилтнуудын орон тоо нэмэгдэхээр байгаа.
Энэ бол зорилтот халамж юм. 10 жил НДШ төлж чадаагүй, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх нь үүсээгүй ахмадууд энэ халамжаас авдаг. Гэхдээ ингэж авдаг ахмад харьцангуй цөөн.
Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан насанд хүрээгүй хүүхдүүд халамжид хамрагддаг. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд, 16-аас дээш насны хүмүүст 84,000 болон 120,000 орчим гэж ялгаатай тогтоосон байсан. Үүнийг 275,000 төгрөг болгож Засгийн газраас нэмэгдүүлж байгаа. Энэ бол зорилтот халамж" гэв.
Тэтгэвэр тогтоолгох хугацааны талаар "Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд тэтгэвэр тогтоолгох хугацааг долоон жил байсныг таван жилээр гэж тусгасан.
Нийгмийн даатгалын багц хууль хаврын чуулганаар батлагдах байх. Гэхдээ энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал" хэмээн ярилаа.