Холливүүдийн оддын нэг Арнольд Шварцнеггер ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл ялж чадна гэдэгтээ итгэлтэй байгааг ярьжээ.
Тэрбээр өөрийгөө ард түмнийг нэгтгэж чадах ерөнхийлөгч болно гэж үзэж байна.
Одоо 75 настай Шварцнеггер 2003-аас 2011 оны хооронд АНУ-ын хамгийн олон хүн амтай муж болох Калифорнийн захирагчаар ажиллаж байсан юм.
Гэхдээ АНУ-ын үндсэн хуулийн дагуу зөвхөн тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй байдаг.
Харин Шварцнеггер нь Австрийн Грац хотын ойролцоо оршдог Тал тосгонд мэндэлсэн хүн тул нэрээ дэвшүүлэх боломжгүй юм.
Тэрбээр саяхан CNN сувагт өгсөн ярилцлагадаа хэрвээ боломж нь байсан бол өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
“Ялж чадна гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Энэ нь яг л Калифорнид болсонтой адил байх болно. Ард иргэд баруун, зүүний аль нь ч биш, аль нэг намыг дайснаа гэж хардаггүй, үндэстнийг нэгтгэж чадах шинэ хүнийг хайж байгаа. Хийж болох олон зүйл харагдаж байна. Зүгээр л хүмүүс бүгд нэгдэж чадвал хийж болохоор байна” гэж Шварцнеггер ярьсан байна.
Тэрбээр Бүгд Найрамдах намын гишүүн юм. Гэхдээ сүүлийн үед намаа ил тод шүүмжлэх нь улам нэмэгдээд байгаа.
Ялангуяа ерөнхийлөгч асан Дональд Трампын үед түүний шүүмжлэл эрс нэмэгдсэн юм.
2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд гарсан үймээний дараа тэр Бүгд Найрамдах намынхаа гишүүдийг буруутгасан утгатай видео мэдэгдэл гаргаж байв.
Эх сурвалж: Business Insider