Эрт дээр үеэс дэлхийн талын эзэлсэн Их Монгол гүрний уламжлал ган боловсруулах болон ирт мэс эзэмших ухааныг орчин цагт сэргээн, хутга болон ирт мэс бүхий спортын төрлүүдийг Монголд хөгжүүлэх зорилгын хүрээнд 5 дахь удаагийн “ИРТ ХУТГА 2023” УАШТ зохион байгуулагдаж байна.
Тэмцээний ялагч “ИРТ ХУТГА” шилжин явах цол, алтан медаль, 3 сая төгрөгийн шагналтай бол 2-р байр мөнгөн медаль, 1.5 сая, 3-р байр хүрэл медаль, 500 мянган төгрөгийн эзэн болох юм. Тэмцээний үеэр тамирчдын хутга тус бүрд үзэгчдийн санал хурааж, “Үзэгчдийн таашаалд нийцсэн хутга” шалгаруулж монголчуудын гоо зүй, хэрэглээний онцлогийг тодорхойлно.
Энэ удаагийн тэмцээнийг “Монголын Хутга Урлаач Сонирхогчдын Монгол Хутга Холбоо” НҮТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ-аас Буриад, Халимаг тамирчдыг нэрт дархан Жигжит Баясгхаланов ахалж оролцохоороо онцлог болж байна.
Тэмцээн 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 10:30-18:00 хооронд Чингэлтэй дүүргийн Дээд салхитад байрлах “Хайрхан хөгжлийн төв”-д болох бөгөөд хамгаалалтын нүдний шилтэй хэн бүхэн үзэж сонирхоход үнэ төлбөргүй байхаар зохион байгуулж байна. Тэмцээний үеэр монгол дархчуудын болон ивээн тэтгэгч байгууллагуудын хутганы үзэсгэлэн гарна.