Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид дэлхийн аваргын сорилыг дэмжиж байгаа талаараа өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгуулав. 

2017 онд сорилго тэмцээн хийж эхэлснээр бүх тамирчин шударгаар өрсөлдөх боломж нээгдсэн. Тиймээс ч сорилго тэмцээнийг цуцлах шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаа хэмээн чөлөөт бөхийн тамирчдын төлөөлөл хэллээ. 

"Сорилго тэмцээн нь бүгдэд эрх тэгш боломж бүрдүүлж байгаа"

Тэд үргэлжлүүлэн "Сорилго барилдаан тухайн жилийнхээ ДАШТ-нд оролцох тамирчдыг тодруулахад оршино гэж тодорхой журам, удирдамж дээр заасан байдаг. Улсын аваргын өмнөх техникийн зөвлөгөөн дээр ч энэ асуудлыг ярьж, шийдсэн. 

Сорилго тэмцээн болно гэдгийг холбооноос мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл улсын аваргын тэмцээнд  түрүүлсэн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд барилдана гэж мэдэгдэл гарчихсан. 

Гэтэл өмнө нь хэвлэлийн хурал хийсэн манай хэсэг бүлэг тамирчин олон нийтэд буруу ойлголт өгөөд байгаа юм. Монголын чөлөөт бөхийн холбооны асуудлыг далимдуулж, тэд өөрсдийн эрх ашгийн үүднээс сорилго тэмцээн хийхгүй гэх байр суурь илэрхийлжээ.

Сорилго тэмцээнгүй бол олон уршигтай асуудал үүснэ. Тухайлбал 2013, 2014 онд багш нар эсвэл манай холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр тамирчдыг ДАШТ-д явуулдаг байсан. Улсын аваргадаа түрүүлсэн тамирчид нь дэлхийн аваргын тэмцээндээ явж чаддаггүй асуудал бий. Харин сорилго тэмцээн нь бүгдэд эрх тэгш боломж бүрдүүлж байгаа. 

Сорилго тэмцээн нь ирээдүйн залуу тамирчдад боломж олгож байгаа. Сорилго тэмцээнийг цуцлах шийдвэр гаргаж магадгүй болчихсон учраас бид байр сууриа илэрхийлж байна" гэлээ. 

"Монголын чөлөөт бөхийн холбоо, тамирчид талцаж, хоёр хуваагдаад байна"

Мөн "Чөлөөт бөх нь багийн спорт биш, хувь хүний спорт. Ийм учраас хувь тамирчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодож дуугараад байх шиг байна. Гэтэл сорилго барилдаан нь дэлхийн жишигт аль хэдийн тогтчихсон. Сорилго барилдаан явуулах нь шударга өрсөлдөөн бий болгож байгаа гэсэн үг. 

Өмнөх тамирчид маань Чөлөөт бөхийн холбооны хоёр талцсан маргаанаас өөрсдийн эрх ашгийг харсан. Тэд ямар ч сорилго барилдаан хийхгүйгээр тэмцээнд явна гэсэн байр суурь илэрхийлж байна.

Монголын чөлөөт бөхийн холбоо хоёр хуваагдаад талцсан. Одоо тамирчид ч хоёр хуваагдах хэмжээнд хүрч байна. Ирээдүйн залуу тамирчдадаа боломжтой олгох тухай асуудлыг харах нь зүйтэй" гэв. 

Хэвлэлийн хурлын үеэр "Өмнө нь чөлөөт бөхийн тамирчин П.Орхоноос допинг илэрч байсан. Та нарыг төлөөлөх хүн мөн үү" гэх сэтгүүлчийн асуултад тамирчдын төлөөлөл дараах хариултыг өгөв. 

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдын төлөөлөл "Шударга өрсөлдөөнөөр сорилго тэмцээнийг зохион байгуулах хэрэгтэй. Допинг хэрэглээд орж ирсэн хүн чөлөөт бөхийн тамирчдын төлөөлөл биш.

Энэ бол шинжилгээгээр батлагдаад гарчихсан зүйл. Тухайн тамирчин өөрийнхөө шийтгэлийг авсан. Одоо бэлтгэл сургуулилалтаа хийгээд явж байгаа. Нийт тамирчдын төлөөлөл гэж хэлж болохгүй.

Эмэгтэй шигшээ багийг дундаас нь тарааж, эвдрэлцүүлж байгаа. Замбараагүй байдал үүсгэж байна. Допинг хэрэглээд орж ирсэн хүн бидний төлөөлөл биш" хэмээн хэллээ.