Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-д 36 цагийн турш үргэлжилсэн зэвсэгт бослогын дуулиан намжаагүй байна.

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучилснаар Кремлийн удирдагчид Евгений Пригожинтой тохиролцож, Москваг чиглэсэн Вагнерын зэвсэгт хүчний маршийг зогсоосон гэлцэж байгаа.

Мягмар гарагт Беларусийн ерөнхийлөгч Лукашенко нийслэл Минск хотод аюулаас хамгаалах албаныхантай уулзахдаа болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Эхлээд тэр Пригожин нутаг дэвсгэрт нь байгааг баталсан юм. “Тиймээ. Тэр өнөөдөр Беларусь улсад байгаа” гэж Лукашенко энэ үеэр хэлжээ.

Пригожинийг дагахыг хүссэн Вагнерын хөлсний цэргүүдэд одоо ашиглагдахгүй байгаа хуучин цэргийн хуаранг санал болгосон гэнэ.

“Тэнд хоосон хашаанд бүх юм бэлэн байгаа. Майхнаа босгоход л болно” гэж Лукашенко ярьжээ.

Беларусийн зэвсэгт хүчин Вагнерын байлдааны арга техник, туршлагаас нь суралцах боломжтойг тэр энэ үеэр онцолсон байна.

Дараа нь Лукашенко зэвсэгт бослогын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй яг юу ярьсан талаараа дэлгэрэнгүй мэдээлжээ.

“Пригожинийг дарж болно, үүнд асуудал байхгүй гэж би Путинд хэлсэн. Эхний оролдлогоороо биш гэхэд хоёр дахь оролдлогоороо чадна. Гэхдээ ингээд хэрэггүй гэж би түүнд зөвлөсөн” гэж тэр ярьжээ.

Пригожинтой утсаар ярихыг Путинд санал болгоход тэр “Саша, ингээд нэмэр алга. Тэр утсаа огт авахгүй, хэнтэй ч ярихыг хүсэхгүй байна” гэж хариулсныг Лукашенко дурссан байна.

Лукашенко утасны дугаарыг нь өгөхийг хүсэхэд Путин “Аюулаас Хамгаалах Албаныханд дугаар нь байгаа байх” гэж хариулсан гэжээ.

Ингээд Лукашенког утсаар ярихад Пригожин өнөөдрийг хүртэл дайнд гаргасан амжилтдаа нэлээд эрдсэн байсан гэнэ. “Бид шударга ёсыг хүсэж байна. Тэд биднийг устгах санаатай байгаа. Бид Москва хүртэл давшина” гэж Пригожин ярьж байсныг Лукашенко дурсжээ.

“Би түүнд замынхаа хагаст чи хорхой шиг няцлуулна шүү гэж анхааруулсан” гэж Лукашенко дараа нь хэлсэн байна.

Ерөнхийдөө тэр Пригожиний сэтгэл хөөрлийг дарж, Кремлийн эрх баригчидтай яриа хэлэлцээ хийх боломж гаргаснаа өчигдөр бахархан ярьжээ.

Одоогоор Лукашенко нь өөрийгөө Орос орныг иргэний дайнд хүргэхээс аварсан баатар мэтээр сурталчилж байна.

Гэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Кремлийн талбайд хүчний байгууллагуудын төлөөлөлтэй уулзахдаа тэднийг “эх орноо хамгаалж, үнэн хэрэгтээ иргэний дайн эхлэхээс сэргийлж чадсан баатрууд” хэмээн магтаж, баяр хүргэсэн юм.

 

Эх сурвалж: BBC