Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХОМ)-ээс Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүдийн мэдээллийг онцлон танилцуулъя.
Энэ удаагийн парламент одоогоор 73-уулаа танхимдаа сууж буй. Тэдний хамгийн их хөрөнгө, орлоготой буюу баян хүн нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байна. Тэрбээр анх 2004 онд УИХ-ын гишүүн болсон бөгөөд өдгөө гурав дахь удаагаа парламентад сонгогчдоо төлөөлөн сууж байна. Түүний нийт хөрөнгө, орлого нь 18.4 тэрбум төгрөг.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нь
- Хоёр тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай
- 170 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэлтэй
- 72 сая төгрөгийн үнэт эдлэл
- 8.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай
- 2.3 тэрбум төгрөгийн авлагатай гэх зэргээр 2022 оны ХОМ-ээ гаргажээ.
Харин УИХ-ын хамгийн "ядуу" гишүүн нь Ж.Батжаргал болов. Тэрбээр өөрийнхөө хөрөнгө орлогыг 375 сая төгрөг гэж мэдүүлжээ. Энэ нь өмнөх оноосоо 114 саяар буурсан дүн юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь
- 110 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц барилга байгууламжтай
- 133.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай
- 21.2 сая төгрөгийн авлагатай зэргээр ХОМ-ээ гаргасан байна.
Сонирхуулахад 2020-2024 оны парламентад суугаа 73 гишүүний 58 буюу 79 хувь нь тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө, орлоготой байна. Тэдний 10 нь 10-аас дээш тэрбум төгрөгийн хөрөнгө орлоготойгоо мэдүүлжээ.