Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас жил бүр зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургууль өнөөдөр эхэлж байна.
Зуны сургуульд суралцах залуус 14 хоногийн хугацаанд Монгол орон, ахуй, соёлтой танилцаж, түүх болон холбогдох сонирхолтой сургалтуудад хамрагдах юм.
Энэ жил ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг дэлхийн Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 залуу монголч эрдэмтэн оролцож байгаа аж.
Мөн энэ удаагийн зуны сургуулийн онцлог нь дотоод, гадаадын залуу монгол судлаачид салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлж, судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцан, үе тэнгийн эрдэмтэн залуустайгаа улам ойртон танилцах боломжтойг БШУЯ-наас мэдээллээ.
"ЭНЭХҮҮ ЗУНЫ СУРГУУЛЬД 40-ӨӨС ДООШ НАСНЫ ХҮМҮҮС ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ"
Энэ үеэр Залуу монгол судлаачдын Эрдмийн хэлхээ нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхтөр "Бид дотоод гадаадын бүх эрдэмтэн судлаачдыг мэдээллээр хангаж, бүх талаас дэмжин ажилладаг. Энэхүү зуны сургуульд 40-өөс доош насны хүмүүс хамрагдах боломжтой. Мөн эрдмийн зэрэг хамгаалаагүй байх шаардлагатай" гэв.
Зуны сургуульд хамрагдахаар ирсэн судлаачид сэтгэгдэлдээ хуваалцлаа.
"МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ЯПОН ХЭЛ ДЭЭР ТИЙМ Ч ОЛОН БАЙДАГГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ"
Япон улсын Токио хотын гадаад судлалын магистрын ангийн оюутан "Би Нагасаки мужийн Цүшима аралд төрсөн. Цүшима аралд Монголын Хубилай хааны цэргүүд довтолж байсан учраас багаасаа монголын түүхийг сонирхон судлах болсон. Бакалаврын ангиасаа эхлэн монгол хэлийг судалж эхлээд зургаан жил болж байна.
Одоогоор Тунгалаг тамир романы түүхэн үйл явдлыг уран зохиолын аргаар хэрхэн дүрсэлдэг байсан талаар судалгааны ажлаа хийж байгаа. Монголын уран зохиол япон хэл дээр тийм ч олон байдаггүй нь харамсалтай байна" гэж ярив.
"ХАЛИМГУУД СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД МОНГОЛ УЛСЫГ СОНИРХОН СУДАЛЖ БАЙГАА"
Халимаг улсын "Халимаг хэл бичиг дорно дахины дээд сургууль"-д багшилдаг Б.Мэргэн "Би аман зохиол, Жангар судлалаар судалгаа хийдэг. Энэ жил Халимаг улсаас Зуны сургуульд дөрвөн хүн ирсэн. Олон улсын монголч эрдэмтэн эрдэм шинжилгээний хуралд ЗХУ-ын үеийн Жангар хурлын тухай товч өгүүлэл дэвшүүлнэ.
Халимгууд сүүлийн жилүүдэд Монгол Улсыг сонирхон судалж байгаа. Учир нь бидний өвөг дээдэс Монголоос 400 жилийн өмнө гарч, Европ руу нүүдэллэж байсан учраас түүх, хэл, үүсэл гарлаа мэдэхийн тулд Монгол судлал чиглэлээр мэргэших туйлын дуртай байгаа. Энэхүү зуны сургалтад олон улсаас залуу судлаачид ирж хоорондоо танилцаж байгаа үүний нөлөөгөөр монгол судлалын хүрээ улам илүү тэлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярилаа.