Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард асар өндөр үнээр худалдаж авсан тэрбумтан Илон Маскийн шинэчлэлт үргэлжилж байна.

Тэрбээр компанийн нэрийг “X Corp” болгоод байсан бол платформыг нь бас “Х” болгон өөрчиллөө.

Твиттерийн алдартай хөх шувууны дүрстэй логог сольж, хар дэвсгэр дээр цагаан өнгөөр дүрсэлсэн “X” үсэг болгосон байна.

Шинэ лого одоогоор тус платформын дэсктоп хувилбарт нэвтэрсэн бөгөөд гар утасны хувилбарууд хараахан солигдож амжаагүй байгаа юм.

“Tweets” буюу жиргээнүүдийг цаашдаа “X’s” (X-үүд) гэж нэрлэхээр болжээ.

Маск өчигдөр өөрийн нүүр зургийг шинэ логогоор сольж, танилцуулгадаа “X.com” хаягийг тавьсан байна.

Тэрбээр Твиттерийг цоо шинэ төрлийн супер аппликэйшн болгон өөрчлөх төлөвлөгөөгөө олон сарын өмнөөс ярьж байгаа.

Өчигдөр Маск бас Сан-Франциско хот дахь Твиттерийн төв байрны гадаа хананд “X” үсгийг гэрлийн тусгалаар үзүүлсэн зургийг нийтэд харуулжээ.

Илон Маск “X” үсэгт ямар нэг шалтгаанаар дуртай байдаг нь олон жилийн өмнөөс харагдсан юм.

1999 онд тэр анхны бизнесүүдийнхээ нэгийг “X.com” гэж нэрлэж байжээ.

Гурван жилийн дараа тэр энэхүү онлайн банкны платформоо PayPal компанитай нэгтгэснээр $165 саяыг олж байв.

Маск одоо болтол “X.com” домэйн нэрийг эзэмшдэг. 2002 онд байгуулсан сансрын компаниа тэр SpaceX гэж нэрлэсэн юм.

Дуучин Граймсаас төрсөн хүүхдэдээ тэр “X Æ A-12 Musk” хэмээх этгээд нэр өгч байлаа.

ChatGPT платформтой өрсөлдөх хиймэл оюуны шинэ стартап компаниа Маск саяхан нээсэн бөгөөд компанийн нэр нь xAI юм.

 

Эх сурвалж: BBC