Өнгөрсөн Бямба гарагт Афганистаны Талибаны засгийн газар хүмүүсийн “ёс зүйг доройтуулж буй” шалтгаанаар олон мянган долларын үнэ бүхий хөгжмийн зэмсгүүдийг шатаажээ.
Уг ажиллагаа тус улсын баруун бүсийн Херат мужид зохион байгуулагдсан байна.
2021 онд засгийн эрхийг авснаасаа хойш Талибанчууд олон хатуу дэг журам тогтоосны нэг нь нийтийн дунд хөгжим тоглохыг хориглосон явдал юм.
Афганистаны Хөгжмийн Үндэсний Хүрээлэнг үүсгэн байгуулагч Ахмад Сармаст уг үйлдлийг “соёлын геноцид, хөгжмийн вандализм” хэмээн буруушаажээ.
“Афганистаны ард түмний урлагийн эрх чөлөөг хааж байна. Хератад хөгжмийн зэмсгүүдийг шатаасан үйлдэл нь Талибанчуудын Афганистанд үйлдэж буй соёлын геноцидын өчүүхэн хэсэг юм” гэж одоо Португалид дүрвэн амьдарч буй доктор Сармаст мэдэгдсэн байна.
Талибанчуудын шатаасан зүйлсийн дотор гитар, даралтат хөгжим, бөмбөр зэрэг зэмсгүүдээс гадна өсгөгч, чанга яригч зэрэг тоног төхөөрөмжүүд байжээ.
Тэдгээрийг Херат хотын хуримын ордон, урлаг соёлын байгууллагуудаас хурааж авсан байна.
Талибаны засгийн газрын ариун журмын яамны төлөөлөгч хөгжим тоглох нь “залуусын тархийг хордуулдаг” тухай ярьжээ.
Долдугаар сарын 19-ний өдөр Талибаны дэглэм ижил төстэй арга хэмжээг авч байсан юм.
Тухайн үед шатаж буй хөгжмийн зэмсгүүдийн гэрэл зургийг сошиал сүлжээнд тараасан ч хаана болсныг нь мэдээлээгүй өнгөрсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт Талибаны засгийн газар Афганистан даяар бүх үсчин, гоо сайхны газруудыг Исламын ёсноос гадуур гэсэн шалтгаанаар хаасан юм.
Эх сурвалж: BBC