Зургаадугаар сарын 11-ний өдөр Энэтхэгийн өмнөд бүсийн Керала мужид цэвэрлэгээ, ариутгалын ажил эрхэлдэг 11 эмэгтэй мөнгөө нийлүүлэн дундаа нэг сугалааны тасалбар худалдан авч байжээ.
Гэтэл тэдний сугалаанд аз таарч, 100 сая рупи ($1.2 сая) хожсон нь өнгөрсөн долоо хоногт тодорсон байна.
Эдгээр эмэгтэйчүүд нь Керала мужийн Малаппурам дүүргийн Параппанангади хотын айл өрхүүдээс биологийн задралд ордоггүй хог хаягдлыг цуглуулах ажил эрхэлдэг ажээ.
Тэд айл өрхүүдээс цуглуулсан сар тутмын үйлчилгээний хураамжаас цалинждаг бөгөөд өдрийн орлого нь 250 рупи ($3) орчим юм байна.
Цалин нь хүрэлцдэггүй тул өрөөс өрийн хооронд амьдардаг байжээ.
Энэтхэгийн ихэнх хэсэгт хонжворт сугалааг хуулиар хориглосон байдаг. Харин Керала мужид хувийн хэвшлийн ийм үйл ажиллагааг хориглодог ч мужийн захиргаа өөрөө цорын ганц сугалааг зохион байгуулдаг ажээ.
Азтан эмэгтэйчүүд амьдралдаа нэмэр болох мөнгө олох зорилгоор сугалааны тасалбар хамтран худалдаж авдаг байсан гэнэ.
Өмнө нь тэд нэг удаа 1,000 рупи хожсоноо хувааж байжээ.
Өнгөрсөн сард тэд онцгой үйл явдлыг тохиолдуулан гаргасан сугалаанаас 250 рупигийн үнэтэй тасалбар худалдан авсан байна.
Тэдний хоёр нь тасалбар худалдаж авах хувиа гаргах мөнгөний боломжгүй байсан тул дундаасаа хуваалцаж бүрдүүлжээ.
Азтан эмэгтэйчүүдийн нэг 62 настай Баби “Аз гэдэг зүйл хэзээ ч надад тохиож байгаагүй” гэж ярьсан байна.
2018 оны үерт орон гэрээ алдсан тэр одоо шинэ байртай болж, бүх өрөө дарахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн онд нөхрөө бөөрний өвчнөөр алдсан 50 настай Бинду “Тэр эмчилгээнд хураасан мөнгөнөөсөө сугалааны тасалбар авдаг байв. Гэсэн ч тэр орон байраа босгож дуусгалгүй нас барсан юм. Одоо би дуусгах боломжтой боллоо” гэж ярьсан байна.
Түүний нөхөр бөөр шилжүүлэн суулгахад шаардлагатай мөнгөгүй учраас нас барж байжээ.
Засгийн газар татвар авсны дараа азтан эмэгтэйчүүд 63 сая рупийг ($766,000) гар дээрээ авах гэнэ.
11 эмэгтэй энэ мөнгийг тэнцүү 10 хувааж авах ба тасалбар худалдаж авах мөнгийг дундаасаа хувааж гаргасан хоёр эмэгтэй 6.3 саяыг тэнцүү хуваах бол бусад нь тус бүр 6.3 саяыг авахаар болжээ.
Эх сурвалж: BBC