Өнгөрсөн долдугаар сарыг манай гарагийн түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн халуун сар болсон гэж судлаачид дүгнэсэн.

Тэгвэл агаарын хэт халалт ямар хүрээг хамарсан талаар бас нэг судалгааны үр дүнг өчигдөр танилцуулжээ.

Тухайлбал долдугаар сард дэлхийн 5 хүн тутмын 4 нь уур амьсгалын өөрчлөлтийг биеэр мэдэрсэн бол хоёр тэрбум гаруй хүн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй халалтыг өдөр тутам мэдэрсэн гэж судлаачид дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл дэлхийн хүн амын 81 хувь буюу 6.5 гаруй тэрбум хүн өнгөрсөн сард ядаж нэг онцгой халуун өдрийг биеэр туулжээ.

Уг дүгнэлтийг Climate Central ашгийн бус, эрдэм шинжилгээний байгууллага өчигдөр нийтэд танилцуулсан байна.

Тэд дэлхийн 4,711 хотын долдугаар сарын цаг агаарын нөхцөл байдлыг шинжлээд тэдгээрийн 4,019-д нь уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн болохыг тогтоожээ.

АНУ-ын хувьд энэ өөрчлөлтийг хамгийн их мэдэрсэн бүс нутаг нь Флорида муж болсон байна. Долдугаар сард АНУ даяар 244 гаруй сая хүн хэт халуун цаг агаарыг мэдэрчээ.

Дэлхий даяар агаарын хэт халалт хамгийн өргөн хүрээнд мэдрэгдсэн өдөр нь долдугаар сарын 10 болсон байна.

Энэ өдөр нийт 3.5 тэрбум хүн “нохой гаслам” халуун цаг агаарыг мэдэрчээ.

 

Эх сурвалж: Associated Press