Өмнөд Солонгосын хэсэг судлаачид цахилгаан гүйдлийн супер дамжуулагч бүтээснээ зарласан нь олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарынхны дунд дуулиан тариад байна.
Сөүл хотод төвтэй Quantum Energy Research Centre Inc., компанийн судлаачид өнгөрсөн сарын сүүлээр тасалгааны температурт, нам даралттай орчинд ажилладаг супер дамжуулагч бүтээсэн тухай бичсэн тайлангаа онлайн орчинд тараасан юм.
Тэдний тайлан шинжлэх ухааны arXiv сайтад байрласан бөгөөд одоогоор хөндлөнгийн судалгаагаар баталгаажаагүй байна.
Супер дамжуулагч нь ямар ч эсэргүүцэлгүйгээр цахилгаан дамжуулдаг материал юм.
Хэрвээ үнэхээр ийм материал бүтээж чадсан бол эрчим хүчний зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах ач холбогдолтой.
Одоогоор супер дамжуулагчийн үзэгдлийг эрдэмтэд маш нам температур болон өндөр даралттай орчинд гаргаж чадсан байдаг.
Тиймээс тасалгааны температурт болон ердийн даралттай орчинд гаргаж чадвал хувьсгал болох юм.
Өмнөд Солонгосын судлаачид өөрсдийн гаргаж авсан супер дамжуулагч материалыг LK-99 гэж нэрлэжээ.
Сүүлийн өдрүүдэд энэ материалын талаар хэлэлцүүлэг олон улсын шинжлэх ухаан, технологийн салбарынхны дунд хүчтэй өрнөж байна.
Тэдний зарим хэсэг нь үүнд итгэхгүй байгаагаа нуухгүй байгаа юм.
Тухайлбал АНУ-д хэвлэгддэг Science сэтгүүлд Солонгосын судлаачдын тайлан “маш их бүрхэг, эргэлзээгээр дүүрэн” байгаа тухай шүүмжлэн бичсэн байна.
Тус улсын Argonne National Laboratory байгууллага дээрх мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулахаар ажиллаж эхэлснийг уг нийтлэлд мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Супер дамжуулагч ба Криогенийн Нийгэмлэг дээрх судалгааны тайланг шалгаж, баталгаажуулах хороог байгуулснаа Лхагва гарагт зарласан байна.
Супер дамжуулагчийн тухай дуулиан Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд бас нөлөөлж эхлээд байгаа.
Өнгөрсөн Лхагва гарагт металл боловсруулалтын Seowon Co, Sunam Co, Power Logics, Shinsung Delta Tech Co зэрэг компаниудын хувьцааны ханш Сөүлийн хөрөнгийн биржийн өдрийн өсөлтийн хязгаар болох 30 хувьд тултал өссөн юм.
Эх сурвалж: Yonhap News