Хүн хутгалаад зугтсан этгээдийг албадлагын буюу резинэн сумтай буу ашиглаж баривчилсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар ярив.
Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Одонбаатар "2023 оны наймдугаар сарын 7-нд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У-гийн биед гэмтэл учруулсан үйлдэлд сэжигтэн Б-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч У-гийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн анхан шатны тусламж тухайн үед үзүүлсэн. Ямар учраас хэргийг үйлдсэн болохыг тогтоохоор хэрэгт холбогдогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-т зааснаар буюу бусдыг алахыг завдах гэсэн зүйл ангиар шалгаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Хэрэгт холбогдогч Б 2002-2021 оны хооронд таван удаагийн ял шийтгүүлж байсан. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт шалгагдаж байсан" гэв.
Сүүлийн үед иргэд сэтгэл зүйн байдлаас болон бухимдлаа илэрхийлэхдээ галт зэвсэг, хутга зэрэг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох аюултай зүйл хэрэглэх тохиолдол ойрын хугацаанд хоёр бүртгэгдлээ.
Гадаад улсын хувьд тэр дундаа БНСУ-д хүн олноор цугларсан газарт танихгүй хүнээ хутгалж гэмтээж байгаа талаар мэдээлэл байна. Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.