2023 оны наймдугаар сарын 8-н буюу өнөөдөр Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.
Энэ талаар тус төвөөс "Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүллээ. ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна" гэв.
НОК-оос "Тухайн иргэн нь наймдугаар сарын 2-нд найзын хамт Хэнтий аймгийн Биндэр сум руу явсан бөгөөд 4-нд тарвага идсэн байна.
Наймдугаар сарын 7-нд хотод гэртээ ирж, 21:30 цагт түргэн тусламж дуудаж үзүүлсэн. байна. Тус үзлэгээр тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь батлагджээ" хэмээн мэдээллээ.
ЗӨВЛӨМЖ:
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай 103 утсаар дуудлага өгнө үү.