Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш анх удаа Орос улс дэлхийн дагуулыг судлах станцаа хөөргөх гэж байна.

Саран дээр буух Луна-25 станцыг энэ долоо хоногийн Баасан гарагт ОХУ-ын Алс Дорнодын “Восточный” сансрын буудлаас хөөргөх юм.

Өмнө нь Зөвлөлт Холбоот Улс 1976 онд саран дээр судалгааны станц буулгаж байжээ. Тиймээс ОХУ-ын хувьд анхны оролдлого нь болох гэж байна.

Бас Оросын төдийгүй, Зөвлөлтийн түүхэнд анх удаа сарны өмнөд туйлд (сүүдэртэй талд) судалгааны станц буулгах гэж байгаагаараа онцлог юм.

Энэ үеэр станцыг тээвэрлэгч пуужингийн хурдасгуурууд газарт унахтай холбогдуулан Алс Дорнодын нэг тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр болсныг өчигдөр зарласан байна.

“Тээвэрлэгч пуужингийн нэгдүгээр шатны хурдасгуурууд унах бүсэд хамрагдсан газар нутагт хүн нэвтрэхийг хориглоно” гэж Хабаровск мужийн Верхнебурейнский дүүргийн захирагч Алексей Маслов өчигдөр мэдээлжээ.

Энэ арга хэмжээний хүрээнд тус дүүргийн Шахтинск тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх юм байна.

2021 оны хүн амын тооллогын баримтаас харвал уг тосгонд одоо 27 хүн оршин суудаг ажээ. Верхнебурейнский дүүрэг нь нийтдээ 25,000 оршин суугчтай юм.

Тосгоны оршин суугчдыг Луна-25 станцыг хөөргөхөөс өмнө нүүлгэх гэнэ. Харин хэзээ буцаах талаар Маслов хугацаа хэлээгүй байна.

 

Эх сурвалж: The Moscow Times