Шинжлэх ухаанд өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байсан их хүйтрэлт Европ тивд анх ирж суурьшсан хүмүүсийг буцахад хүргэж байсныг хэсэг эрдэмтэд тогтоожээ.

Гэхдээ энэ дүрвэлтээс 200,000 орчим жилийн дараа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хүмүүс дахин Европыг эзэгнэж байсан байна.

Одоогоос 1.1 сая жилийн өмнөөс бүрэлдэж тогтсон далайн хурдаснаас эрдэмтэд тухайн үед агаарын дундаж температур Цельсийн 5 хэмээр гэнэт буурч байсныг тогтоожээ.

Гал түлэх, дулаан хувцаслах талаар мэдлэггүй байсан эртний хүмүүс ийм гэнэтийн хүйтрэлтийг тэсэлгүй Европоос дүрвэсэн байна.

Португалийн нийслэл Лисбон хотын ойролцоох эргийн далайн хурдаснаас авсан мэдээлэл дээр үндэслэн Өмнөд Солонгосын Бусан хотын Уур Амьсгалын Физикийн IBS Төвийн эрдэмтэд компьютер загвар боловсруулжээ.

Эндээс 1.1 сая орчим жилийн өмнө Европ тивийн ихэнх хэсэгт агаарын температур тэгээс доош хэмд хүрэн буурч байсныг тогтоосон байна. Хамгийн тааламжтай уур амьсгалтай Газар дундын тэнгисийн сав газарт ч ийм үзэгдэл тохиож байжээ.

“Эртний хүмүүс цаг уурын ийм эрс тэс орчинд зохицож амьдрах чадваргүй байсан. Тухайн үед гал гаргаж чаддаг байсныг ч одоогоор батлаагүй байна” гэж судалгааг ахалсан профессор Аксел Тиммерман ярьсан байна. Өмнөх онолоор хүн төрөлтөн сүүлийн 1.5 сая жилийн турш Европ тивийг тасралтгүй эзэгнэсэн гэдэг. Харин шинэ онолоор үүнд 200,000 жилийн завсар гарч байна.

Хүний эртний төрөл зүйл болох Хомо эрэктус анх Африк тивээс баруун өмнөд Азиар дамжин Европт ирээд суурьшиж байв.

Гэхдээ эхний суурьшилт одоогоос 1.4 саяас 1.1 сая жилийн өмнөх хугацаанд үргэлжилжээ.

Дараа нь дээр дурдсан хүйтрэлтийн улмаас тэд Европоос дүрвэж, 200,000 орчим жилийн дараа буюу одоогоос 900,000 жилийн өмнө хоёр дахь удаагаа ирж суурьшсан байна.

Тэднээс 400,000 орчим жилийн өмнө Неандерталь хүмүүс үүсжээ.

Харин 42,000 орчим жилийн өмнө орчин үеийн хүний өвөг дээдэс болох Хомо Сапиенсууд Европ тивд ирж, Неандертальчуудтай зэрэгцэн амьдарч эхэлсэн байна.

Улмаар 40,000 жилийн өмнө Неандерталь хүмүүс устаж, Хомо Сапиенсууд дангаараа Европ тивд үлджээ.

Эх сурвалж: BBC