Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүрэгт болсон үерийн улмаас 105 автомашин эзэмшигчид хохирсон. Тэдгээрийн ердөө 10 гаруй хувь нь тээврийн хэрэгслийн даатгалтай байсныг албаныхан мэдээлээд буй. Үүнтэй холбоотойгоор даатгалын нөхөн төлбөр шийдвэрлэлтийн талаар Мандал Даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ж.Батчимэг-ээс тодрууллаа.
-Мандал Даатгал үерийн нөхөн төлбөрийг ямар явцтай шийдвэрлэж байгаа вэ?
- Бидний зүгээс харилцагчдын ирүүлсэн дуудлагыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд ажиллах хүч, ажлын цагийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар үерт автаж бүрэн сүйдсэн 2 харилцагчид гэрээний дагуу тус бүр 15 орчим сая төгрөгийн нөхөн төлбөрийг бүтэн олгоод байна.
Бид нөхөн төлбөрийн 100 хүсэлтийн 94-т нь нөхөн төлбөр олгодог ба үлдсэн 6 тохиолдол нь гэрээний бус заалт эсвэл хуурамч материал бүрдүүлсэн байдаг. Нөхөн төлбөрт олгогдож буй мөнгө нь компанийн мөнгө бус, нийт даатгуулагчдын сангийн мөнгө байдаг тул бид нөхөн төлбөр олгохдоо сайтар нягтлах шаардлагатай.
Нөхөн төлбөр аваагүй цөөн иргэд олон нийтэд даатгалын талаар буруу мэдээлэл тарааж, “даатгал хэрэггүй, нөхөн төлбөр олгодоггүй” гэсэн ойлголтыг төрүүлдэг. Үүний улмаас үер болон бусад байгалийн эрсдэлт хүчин зүйл тохиоход иргэд их хэмжээний хохирол амсаж буй харамсалтай нөхцөл байдал үүсэж байна.
Мандал Даатгалын зүгээс даатгалын мэдлэгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлуудаа улам эрчимжүүлэн ажиллаж буй. Нөгөө талаас болзошгүй эрсдэлийг бууруулахад, түүнийг хамтдаа даван туулахад олон талын оролцоо, хүчин чармайлт шаардлагатай тул иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамтарч ажиллахыг уриалж байна.