Польшийн нутагт малтлага явуулсан археологичид 17 дугаар зуунд оршуулсан “вампирын хүүхэд”-ийн араг ясны үлдэгдлийг олсноо зарлажээ.

Антропологичдын тодорхойлсноор 5-7 настай энэ хүүхдийг оршуулахдаа доош харуулан хэвтүүлж, хөлийг нь газартай холбон цоожилсон байна. Энэ нь үхсэний дараа дахин амилж босохоос сэргийлсэн арга байжээ.

Олдворыг Польшийн Остромецкогийн ойролцоох Пиен тосгоны оршуулгын газраас илрүүлсэн юм байна.

Өнгөрсөн онд эндээс мөн “цус сорогч” эмэгтэйн булш олдож байжээ. Уг эмэгтэйн хөлийн эрхий хурууг бас цоожилж, босоход толгой тастагдахаар хүзүүнд нь хадуур хөндлөн байрлуулсан байсан юм.

Дээрх хоёр булш хоорондоо хоёр метрийн зайтай байснаас үзвэл энэ нь ямар нэг байдлаар нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн оршуулгын газар байсан бололтой.

Энэ оршуулгын газраас нийтдээ 100 орчим булш илрүүлсний нэлээдэд нь “вампирын эсрэг” арга техник хэрэглэсэн байсныг малтлагад оролцсон Коперникийн их сургуулийн археологийн профессор Дариуш Полинский мэдээлсэн байна.

Тэднийг цус сорогч хэмээн сэжиглэж, тусгай аргаар оршуулах хэд хэдэн шалтгаан байсан гэж тэр тайлбарлажээ.

Тухайлбал амьд ахуйдаа этгээд сонин ааш зан, үйлдэл гаргаж хүмүүсийг айлгадаг байсан, эсвэл ховор тохиолддог өвчин эмгэгийн улмаас гадаад төрх нь өөрчлөгдсөн зэрэг хувилбарууд байх боломжтой гэнэ.

“Бас тухайн хүн гэнэтийн, хачин тохиолдлоор нас барсан байж болно. Ийм тохиолдол хүмүүсийг их айлгадаг байсан” гэж Полинский ярьжээ.

17 дугаар зууны хүмүүс мөн баптизм хүртэж амжилгүй нас барсан хүүхэд, усанд живж амиа алдсан хүмүүсийг оршуулахаас айдаг байсан гэнэ.

Ер нь цус сорогчийн буюу вампирын оршуулгын зан үйл 14 дүгээр зууны эхнээс Европ даяар өргөн тархаж байжээ.

Халдварт өвчний улмаас эсвэл хоол хүнсний хордлогын улмаас хүмүүс олноороо үхэхийг тухай үед цус сорогчийн дайрлага гэж тайлбарладаг байв.

 

Эх сурвалж: Business Insider