Coach брэндийг эзэмшигч АНУ-ын Tapestry компани Capri Holdings компанийг $8.5 тэрбумаар худалдаж авснаа өчигдөр зарлажээ.

Capri Holdings нь Michael Kors болон бусад тансаг эдлэлийн брэндүүдийг эзэмшдэг юм.

Ингэснээр Америкийн нэгдсэн компани Европ тивийн зах зээлд LVMH зэрэг ижил салбарын аварга компаниудтай өрсөлдөхөөр болж байна.

Энэхүү наймааны дараа Tapestry компани Coach, Kate Spade, Stuart Weitzman, Michael Kors, Versace, Jimmy Choo гэсэн зургаан том брэндийг эзэмшдэг болж байгаа юм.

Хоёр компани нэгдсэнээр үйл ажиллагаа нь дэлхийн 75 улсын зах зээлд тэлж, бэлтгэн нийлүүлэлтийн зардлаа хэмнэх боломжтой болж байгааг удирдлагууд нь мэдэгджээ.

Гэхдээ л Tapestry нь Европын өрсөлдөгчидтэй харьцуулахад тансаг эдлэлийн салбарт жижиг хэвээр байгаа юм.

Өнгөрсөн онд сая нэгдсэн хоёр компани нийтдээ $12 тэрбумын орлого олсон байна. Тэгвэл Louis Vuitton, Dior зэрэг 75 брэнд эзэмшдэг Францын LVMH ижил хугацаанд $87 тэрбумыг олсон юм.

Европын өөр нэг том тоглогч Gucci, Balenciaga брэндүүдийн эзэн Kering групп $23 тэрбумыг өнгөрсөн онд олжээ.

 

Эх сурвалж: The Guardian