БШУЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн байр болон ЕБС болон их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-ндээ эхлэх талаар мэдээлэл өглөө.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр "Иргэдийн зүгээс их мөнгөөр сургууль, цэцэрлэг түрээсэлж байхаар барилга барьчих гэж иргэд хэлдэг. Гэтэл нэг сургууль, цэцэрлэгийн барилга баригдах хугацаа дунджаар гурав орчим жил байдаг. Учир нь улсын төсөвт нэг сургууль, цэцэрлэг баригдах мөнгийг бүгдийг нь нэг жилд тусгах боломжгүйгээс барилгын ажил удааширдаг.

Тиймээс барилгын асуудлыг хамгийн хурдан шийдэх гарц түрээслэх. Ойрын жилүүдэд 12 дугаар ангийг 35-40 мянган хүүхэд төгсөж, нэгдүгээр ангид 70 гаруй мянган хүүхэд элсэн орж байна. Таван жилийн дараа 12 дугаар анги төгсөж буй хүүхдийн тоо нэмэгдэж, нэгдүгээр ангид элсэж байгаа хүүхдийн тоо руу ойртоно. Ингэснээр элсэлт, төгсөлтийн харьцаа ойртох хэрээр сургуулийн суудлын ачаалал тэнцвэржих юм. Олон талын судалгаа, дата мэдээлэлд үндэслэн түрээслэх хэлбэрийг сонгосон" гэв.

Хичээл эхлэх өдрийг хойшлуулах эсэх тухайд "Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-н Баасан гарагт тохиож байна. Уг өдрийг Даваа гараг руу шилжүүлж болох уу гэсэн асуулт иргэдээс ирж байгаа. СӨБ болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг тул өөрчлөхгүй. Хэрэв өөрчлөх бол УИХ шийднэ.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг цомхон зохион байгуулах зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлнэ" хэмээн тайлбарлалаа.