Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-нд эхэлсэн.
Бүртгэлийн явцын талаарх мэдээллийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-очир өнөөдөр өглөө. Тэрбээр "Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр үүдэнд нь дугаарлаж, бүртгүүлсний дараа хасагдах гэх мэтчилэн олон асуудал гардаг байсныг өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн e-Mongolia болон Esis системийг хослуулан шийдсэн.
Энэ жил 2-5 насны 302,226 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Үүний 142,798 нь нийслэлийн цэцэрлэгт хамрагдах тоо бий.
Өнөөдрийн байдлаар 88,973 хүүхэд бүртгүүлээд байна" гэлээ.
Өнгөрсөн хичээлийн жилд бүртгүүлсэн хүүхэд бүрийг цэцэрлэгт суралцуулах зорилтын дагуу төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг байдлаар 127 түрээсийн байрыг сургалтын зориулалтаар засан тохижуулж, 13,800 гаруй хүүхдийг хамруулж байжээ. Мөн хувийн өмчийн 270 гаруй цэцэрлэг дээр хамран сургах тойрог тогтоон 15,000 гаруй хүүхдийг цэцэрлэг суралцуулсан байна.
Үүний зэрэгцээ байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ зэрэг бусад хувилбарыг хэрэгжүүлснээр 5,000 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан талаар БЕГ-ын дарга Т.Ням-Очир мэдээлсэн.
Түүнчлэн тэрбээр "Энэ жил 142,000 гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах учиртай. Боломжууд нээлттэй бий. Гэхдээ зарим хороонд хүндрэл үүсэхээр байгаа тул бүртгэлийн явцыг ажиглан, тохиргоо хийнэ.
Бүртгэл хоёр үе шаттай явагдана. Энэ жилийг өнгөрсөн онтой харьцуулахад хаягийн бүртгэл цэгцэрсэн байна. Гэхдээ хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэтийн шилжилт хөдөлгөөн хийсэн,түр оршин суугч өрхийн хүүхдүүдийг хоёр дахь ээлж буюу есдүгээр сарын 11-нээс бүртгэнэ" хэмээв.