ОХУ-ын Тамбов хотын төвд байрлуулсан сурталчилгааны самбарт Оросын эзэнт гүрний түүхэн газрын зургийг харуулахдаа тусгаар тогтносон хэд хэдэн улсын газар нутгийг багтааж харуулсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Эдгээрийн дотор Монгол улс байгаа юм байна.

“Бид та нарт эх орноо хэрхэн хайрлахыг сургана” гэсэн уриатай энэ самбарыг трактор, өргөгч, ачааны машины жолооч бэлтгэдэг сургалтын төв байрлуулжээ.

Самбарт Монголоос гадна Зүүн болон Төв Европын орнууд, Финланд, Аляска, Төв Азийн орнуудыг одоогийн ОХУ-ын газрын зурагт нэгтгэн харуулсан байна.

Эндээс дүгнэхэд хуучин Зөвлөлт Холбоот Улс болон түүний нөлөөнд байсан Варшавын гэрээний орнууд дээр 19 дүгээр зууны Оросын эзэнт гүрний газар нутгийг давхардуулж харуулсан бололтой.

Гэхдээ Монгол улсын хувьд Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байгаагүйгээс гадна социалист лагерийн цэргийн эвсэл болох Варшавын гэрээнд нэгдэж байгаагүй юм.

Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д хуучин Оросын эзэнт гүрэн, Зөвлөлт Холбоот Улсыг сэргээн байгуулах санаа идэвхжиж, үндсэрхэг үзэлтнүүд түүхэн газрын зургийг сонирхох явдал нэмэгдсэн гэдэг.

Тухайлбал энэ оны тавдугаар сард үндсэн хуулийн шүүхийн дарга Валерий Зорькин ерөнхийлөгч Путинд бараалхахдаа Украиныг багтаасан Оросын эзэнт гүрний газрын зургийг бэлэглэж, түүхэнд Украин гэж улс байгаагүйг баталж байв.