Электрон тамхины орц найрлага болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа.

- Электрон тамхины талаар товч ойлголт өгнө үү. Хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон бэ?

- Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 3180С хүртэл халааж, тэр нь шингэнийг ууршуулж, хэрэглэгчийн амьсгалах манан хэлбэрээр ялгаруулдаг. Тиймээс электрон тамхины хэрэглээг vaping гэж нэрлэдэг. Энэ нь харьцангуй шинэ бүтээгдэхүүн.

- Орц найрлага нь ямар бодис агуулагддаг вэ. Эдгээр нь хүний эрүүл мэндэд хор нөлөө үзүүлдэг үү?

- Электрон тамхины шингэн хэсэг нь nicotine, glycerol, propylene glycol, болон үнэр, амт оруулагч зэргийг агуулдаг.

Nicotine бол байгалийн гаралтай алкалоид бөгөөд маш хүчтэй донтуулагч бодис.

Янжуур тамхинд агуулагдах nicotine-ы зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь MNS 5024:2013 стандартын дагуу хамгийн ихдээ 1.3 мг байдаг. Харин зарим электрон тамхинд энэ үзүүлэлт 25-100 мг байна. Өөрөөр хэлбэл хэд дахин өндөр байна.

Электрон тамхины үндсэн найрлага болох Glycerol болон Propylene glycol нь чихэрлэг амттай, өнгөгүй шингэн бөгөөд хүнс, эм, энтертайнмент үйлдвэрлэл гэх мэтээр маш өргөн хэрэглээтэй. Гэвч эдгээр бодис нь 2150С-с дээш хэмд халахаараа хүний биед хавдар үүсгэдэг Formaldehyde, Acetaldehyde, Acrolein болон задардаг. Энэ талаар олон улсын эрдэмтэд судалгаанууд байдаг.

Glycerol, Propylene glycol болон эдгээрийн холимог эсвэл дангаараа электрон тамхины шингэний үндсэн найрлага бөгөөд бүх е-тамхинд найрлагад бий.

КОВИД-19 цар тахлаас хойш аюулын харанга дэлдэж буй нь электрон тамхи. 

Дэлхийн тамхины хяналтын төв байгууллагаас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 37 улс электрон тамхи хэрэглэхийг хориглосон. Австри, Бельги, Ирланд, Канад гэх мэт 73 орон хаана худалдаалах, хэн хэрэглэж болох, болохгүйг тодорхой журмаар зохицуулж байдаг.

Жишээлбэл Австрали улсын Эрүүл мэндийн сайд өнгөрсөн тавдугаар сарын 2-нд энэ талаар дараах мэдэгдлийг хийсэн.

Тус улсад хийсэн судалгаагаар 14-17 насныхан буюу шинэ үеийнхэн тамхи огт хэрэглэдэггүй байсан бол авч явах, хэрэглэхэд хялбар, өнгө үнэрээс нь болоод гангараа гэдэг утгаар ойлгосон байж магадгүйгээс шалтгаалж хэрэглээ нь асар их өссөн байна. Энэ нь nicotine-ы агууламж янжуур тамхинаас хэд дахин өндөр байдагтай холбоотой. Иймд шинэ залуу үеэ nicotine-д хурдтай автуулж байна гэж үзэн зөвхөн эмчийн жороор олгохоо мэдэгдсэн. 

- Манай улсад электрон тамхины хэрэглээтэй холбоотой эрх зүйн орчин ямар байна вэ?

- Тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш найман удаа өөрчлөлт орсон. Гэвч электрон тамхины талаар хараахан тусгагдаагүй.

Эрүүл Мэндийн Яамнаас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарсан. Үүнд гаалийн байгууллагаас төлөөлөл багтаж байгаа. Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа татвар, тусгай зөвшөөрөл, техникийн шаардлагуудыг нарийвчлан тусгахаар ажиллаж байна. 

- Импортоор орж ирж буй электрон тамхинуудад шинжилгээ хийдэг байх. Ямар зөрчлүүд илэрч байна вэ?

- Аливаа бараа бүтээгдэхүүний хэрэглээ ихсэхэд дагаад хуурамч бүтээгдэхүүн, өөр зорилгоор ашиглах бүтээгдэхүүн нэмэгдэх хандлага байдаг.

Электрон тамхины шингэн гэж мэдүүлсэн дээжийг шинжлэхэд 1961 оны конвенцоор хязгаарлагдсан каннабисын давирхайн бүрэлдэхүүн болон каннабидиол илэрсэн.

Шингэн тамхи гэж мэдүүлсэн дээжийг шинжлэхэд 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай конвенцоор хязгаарлагдсан Дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн гэх мэт зөрчил гарсан. 

Иймд өндөр температурт халахаараа хүний биед хорт хавдар үүсгэдэг бодис болон задардаг элеетрон тамхины хэрэглээг багасгаж, хасаж, онцгой анхааран эрүүл мэндээ хамгаалахыг гаалийн байгууллагын зүгээс анхааруулж байна.