Мэргэжилтнүүдийг ажил олгогчидтой холбож өгдөг LinkedIn платформ “Future of Recruiting report 2023” судалгааны тайлангаа саяхан гаргажээ.

Ажлын байрны шаардлагад дипломоос илүүтэй ур чадварыг эхэнд тавих үзэгдэл тэргүүлэх эдийн засагтай улс орнуудад улам бүр нэмэгдэж буйг уг судалгаа харуулсан байна.

Тухайлбал 2021-ээс 2022 онд Их Британийн компаниудын нийтэлсэн диплом шаардаагүй ажлын байрны зарын тоо хэмжээ 90 хувиар өсжээ.

2022 онд АНУ-д нийтлэгдсэн нийт ажлын байрны заруудын 20 хувь нь диплом шаардаагүй байсан нь 2021 оны 15 хувиас өссөн үзүүлэлт болсон байна.

Энэ өсөлт цаашид улам нэмэгдэх нь LinkedIn-ий судалгаанаас харагджээ. Тухайлбал ирэх 18 сарын хугацаанд компанийнх нь ажлын байрны шаардлагад “ур чадвар нэн тэргүүнд тавигдана” гэж үзэж байгаагаа хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 75 хувь нь илэрхийлсэн байна.

Ажлын байрандаа их сургуулийн диплом заавал шаарддаг уламжлалтай компаниуд ч хандлагаа өөрчилж буй нь харагджээ.

Тухайлбал IBM, Accenture, Dell, Bank of America, Google, Tesla зэрэг томоохон компаниуд шинэ боловсон хүчинд тавих шаардлагаасаа мэргэжлийн дипломыг хасах нь нэмэгдсэнийг судалгааны үр дүн харуулсан байна.

Санал асуулгад оролцсон АНУ-ын гүйцэтгэх удирдлагуудын 92 хувь нь хувь хүний ур чадвар ажлын байранд улам бүр чухал болж байгаа гэж үзжээ.

2022 оны арваннэгдүгээр сараас хойш LinkedIn платформд нийтлэгдсэн ажлын заруудад хамгийн их шаардагдсан хувь хүний ур чадварууд нь харилцаа, уян хатан байдал, мэргэжлийн ёс зүй, нийгэмшил, хувийн зохион байгуулалт байсан байна.

Тесла зэрэг нийт таван компанийг удирддаг тэрбумтан Илон Маск их сургуулийн дипломд ач холбогдол өгдөггүй бизнесмэнүүдийн нэг юм.

Satellite 2020 чуулганд оролцохдоо тэр их сургууль, коллежийг суралцах биш цагийг зугаатай өнгөрүүлэх газар гэж тодорхойлж байжээ. Ингэхдээ Билл Гэйтс, Ларри Эллисон зэрэг их сургуулиа хаясан алдартнуудын жишээг Маск дурдаж байв.

 

Эх сурвалж: Business Insider