Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд сонирхолтой олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Эдгээрийн мэдээллийг багцлан хүргэе.
"Ulaanbaatar food festival"
Д.Сүхбаатарын талбайд "Ulaanbaatar food festival" болж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү арга хэмжээ өнөөдөр, маргааш үргэлжилж байгаа юм. Тус арга хэмжээнд очсоноор олон үндэстний хоол, амттан, кофегоор үйлчлүүлэх боломжтой.
Өнөөдөр гахай шарж, 10 метр урт талх, аварга том сендвич хийхээр төлөвлөсөн байна. Арга хэмжээ 23:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Зүүн Азийн залуучуудын наадам
Наймдугаар сарын 16-23-нд Улаанбаатар хотод Зүүн Азийн залуучуудын наадам болж байна.
Наадмын тэмцээнүүд төрлөөсөө шалтгаалан UG Arena, Steppe Arena, Соёлын Төв Өргөө, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн зэрэг олон газарт болж буй тул хөтөлбөрөөс мэдээллийг авна уу.
"Улаанбаатар 2023" наадмын хөтөлбөртэй энд дарж танилцаарай.
"Нүүдэлчин" соёлын наадам
"Нүүдэлчин" соёлын наадам Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Иргэд энэ өдрүүдэд аймаг, нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт үзэх боломжтой.
Фестивальд аймаг, нийслэлийн 1,000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Унгар Улс, Казахстан, Киргизстан, Өмнөд Солонгос, Буриад, Халимаг, Саха, Тува, Турк улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1,100 гаруй нүүдэлчин хуран чуулах юм байна.
"Нүүдэлчин" соёлын наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
"Nas summit"
Контент бүтээгчдийн уулзах цэг нь өнөөдөр зохион байгуулагдах "Nas summit" байх болов уу.
Дэлхийд алдартай контент бүтээгч, олон сая дагагчтай Nas Daily манай улсад ирж, ээлжит уулзалтаа хийх гэж буй нь энэ юм. Энэхүү арга хэмжээ олон улсад танигдсан контент бүтээгчид ирж өөрсдийн туршлагаас хуваалцана.
"Nas summit" Corporate hotel and convention төвд 10:00-17:00 цагт болно.
"Татар" хамтлагийн тоглолт
20 жилийн ойгоо тэмдэглэж буй "Татар" хамтлагийн тоглолт өнөөдөр 17:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
Тоглолтод "Татар" хамтлагаас гадна 20 жилийн өмнө уран бүтээлүүд нь хит болж байсан болон олон жил завсарласан хамтлаг дуучид оролцохоор болсон байна. Түүнчлэн залуу үеийн төлөөлөл болох Ginjin, Mrs M, Roockie, Young Mo'G, Маралжингоо, Мишээл болон Тик Ток дээр хит болоод буй өвөрмонгол дуучин Сүмэнхуар оролцож уран бүтээлээ хүргэнэ.