Саяхан Техасаас Мичиганд ирсэн ачаа тээврийн автомашины жолооч Денис Шароновтой хийсэн ярилцлага АНУ-ын хэвлэлд нийтлэгджээ. Түүний дараагийн зогсоол Алабама муж байх гэнэ.

Тэрбээр ОХУ-ын Бүгд Найрамдах Коми Улсын хөдөө аж ахуйн сайд асан хүн юм.

Украины дайн эхэлсний дараа Кремлийн эрх баригчид цэргийн дайчилгаа зарлахад Оросын олон зуун мянган иргэн эх орноосоо дүрвэж байв. Тэдний нэг Шаронов болжээ.

“Миний сонголтыг олон хүн ойлгодоггүй. Хүмүүс надаар тоглоом тохуу хийдэг. Намайг бүс нутгийн сайдын албан тушаалаас ачаа тээврийн жолооч болж, шалдаа буусан гэж ярилцдаг. Гэхдээ би өөр бодолтой хүн. Би хийж байгаа зүйлээрээ бахархдаг” гэж тэр ярьж байна.

2020 онд Шаронов нь ОХУ-ын умард хязгаарын нэг субъект болох Бүгд Найрамдах Коми Улсын хөдөө аж ахуйн сайдаар томилогдож байжээ. Хэдийгээр төрийн албаны туршлагагүй ч арав гаруй жил хөдөө аж ахуйн салбарт ажилласан тэр захиргааны саналыг хүлээн авч байсан гэнэ.

“Би төр яаж ажилладгийг харах сониуч зандаа хөтлөгдсөн” гэж ярьсан Шаронов удалгүй авлига, хүнд суртлын асар том системийн нэг хэсэг болсноо ойлгож байжээ.

“Орос улсад хүмүүс мөнгө хулгайлах зорилгоор л улс төрд ордог. Авлига манай улсыг сүйрүүлж байгаа. Нэг бол үүнд оролцох, эсвэл хасагдах хоёр л сонголт бий” гэж тэр ярьсан байна.

Эцэстээ тэр Коми улсын засгийн тэргүүн Владимир Уйбатай зөрчилдөх болсон тул 2022 оны нэгдүгээр сард албан тушаалаасаа огцорч байжээ.

Үүнээс хойш нэг сарын дараа Оросын цэрэг Украинд халдан довтолсон нь Шароновын сэтгэл санааг улам хоёрдуулах болсон гэнэ.

“Энэ улсад амьдрах нь хууль бус дайнд ямар нэг хэлбэрээр оролцож байгаа гэсэн үг болохыг би ойлгосон” гэж Шаронов ярьжээ.

Улмаар 2022 оны есдүгээр сард тэр цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан байна. “Цэрэг татлагын офицерууд зарлан дуудах хуудас өгөхөөр гэрт ирэхэд надад энэ улсад амьдрах шалтгаан үлдээгүй” гэж тэр хэлжээ.

48 настай Шаронов уг нь ОХУ-ын хуулиар цэрэгт дайчлагдах наснаас хэтэрсэн байсан гэнэ. Гэхдээ Коми улсын засгийн газрын тэргүүн Владимир Уйба өш санаж, түүнийг Украинд илгээх гэсэндээ зарлан дуудах хуудас явуулсан гэж Шаронов үзэж байна.

Ингээд тэр Киргизстан, Арабын Нэгдсэн Эмират Улсаар дамжин Мексикт хүрчээ.

Эндээс тэр АНУ-ын хилийг явган давж, улс төрийн орогнол хүссэн байна.

Украины дайны улмаас Мексикийн хилээр дамжин АНУ-д нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэдэг. Сүүлийн зургаан сарын хугацаанд 8,600 гаруй Оросын иргэн АНУ-Мексикийн хилээр дүрвэж ирсэн нь дайны өмнөх мөн үеийн 249 тохиолдлоос 35 дахин өндөр үзүүлэлт болжээ.

Орогнол хүсээд хариу хүлээх хугацаандаа Шаронов цаашид яаж амьдрах талаар судалсан байна. “Ачаа тээврийн жолооч болох нь амьжиргаагаа залгуулах хамгийн энгийн арга мэт санагдсан” гэж тэр хэлсэн юм.

Рублийн ханшийн уналтыг тооцвол тэр одоо өмнөх албан тушаалынхаа цалинтай дүйцэх орлого олж байгаа гэнэ. Оросын төрийн албаныхан цалингаасаа гадна заавал өөр орлогын эх үүсвэртэй байдгийг Шаронов нэмж хэлжээ.

“Гэхдээ энэ бол зөвхөн цалин мөнгөний асуудал биш. Энэ бол эрх чөлөө юм. Энэ бол шударга хөдөлмөр юм” гэж тэр ярьсан байна.

Шаронов ачаа тээврийн жолоочоор зургаан сар ажиллахдаа АНУ-ын 45 мужаар аялж үзжээ.

“Төрийн албан тушаалтай олон хүн дайны эсрэг үзэлтэй байдаг ч үүнийгээ ил гаргахаас айдаг. Гэхдээ тэдэнд ямар ч сонголт байхгүй” гэж тэр эх орондоо үлдсэн хүмүүсийн тухай ярьж байна.

 

Эх сурвалж: US News