Өнгөрсөн сард төрийн эргэлт гарч, цэргийнхэн бүх эрх мэдлийг нь булааж авсан Нигер улсад зэвсгийн хүчээр хууль ёсны засгийн газрыг сэргээх тохиролцоонд Баруун Африкийн орнуудын батлан хамгаалахын сайд нар хүрчээ.
Одоо үргэлжилж буй дипломат яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүй тохиолдолд дэлхийн хоёрдугаар дайны үеийн “D-day” маягийн чөлөөлөх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр тэд шийдвэрлэсэн байна.
ECOWAS буюу Баруун Африкийн Орнуудын Эдийн Засгийн Нийгэмлэгийн батлан хамгаалахын сайд нарын чуулган Гана улсын нийслэл Аккра хотод хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн юм.
“Бид шийдвэр гармагц хөдлөхөд бэлэн боллоо. D-day ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ бид яриа хэлэлцээний боломжийг хаагаагүй, нээлттэй хэвээр байгаа” гэж тус байгууллагын улс төрийн бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан комиссар Абдел-Фатау Муса хэлжээ.
Долдугаар сарын 26-ны өдөр цэргийн эрхтнүүд Нигер улсын ерөнхийлөгч Мохамед Базумыг баривчилж, төрийн эрх мэдлийг нь булаан авсан юм.
2021 онд сонгогдсон Базум одоо гэр бүлийн хамт ордондоо хоригдож байгаа. Капе Верде улсаас бусад ECOWAS байгууллагын бусад бүх 15 гишүүн орон цэргээ Нигерт илгээхээр болсон байна.
Гэхдээ тус байгууллага бүс нутгийн орнууддаа гарсан төрийн эргэлтүүдийг хүчээр дарж байсан түүх байхгүй юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд Буркина Фасо, Мали улсууд цэргийн дэглэмд шилжсэн. Одоо эдгээр улсууд нь Нигерийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцвол цэргийн дэглэмийг зэвсгийн хүчээр хамгаалахаа мэдэгдээд байгаа.
Төрийн эргэлт гарснаас хойш ECOWAS болон Өрнөдийн орнууд Нигерийн цэргийн дэглэмд эдийн засаг, худалдааны хориг тавьсан юм.
Сахарын цөлийг саваннагийн экосистемтэй холбодог Сахелын бүс нутагт оршдог, далайд гарцгүй Нигер нь стратегийн чухал ач холбогдолтой улс. Уран болон газрын тосны арвин нөөцтэйгөөс гадна Аль Кайда, Исламын Улс зэрэг жихадист зэвсэгт бүлэглэлүүдтэй явуулж буй олон улсын хамтын нийгэмлэгийн тэмцэлд түшиц газар болдог байна.
Эх сурвалж: Aljazeera