Хуучин нэрээр Твиттер, одоогийн X сошиал платформоос “блоклох” үйлдлийг хасахаар шийдсэнээ Илон Маск өчигдөр зарлажээ.
Гэхдээ энэ боломжийг зөвхөн DM (direct messaging) буюу хэрэглэгч хооронд шууд зурвас илгээх үйлдэлд хадгалж үлдэхээр болсон байна.
Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард Твиттер платформыг $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш маш олон өөрчлөлт нэвтрүүлээд байгаа.
Одоогийн зарчмаар нэг хэрэглэгч бусдыгаа "блоклоход" "блоклуулсан" хэрэглэгч түүний нийтлэлүүдийг харах, зурвас илгээх боломжгүй болдог.
Зарим хүмүүс Маскийн шийдвэрийг “бусдын дайралт, дарамт, дээрэлхэлт, хортой агуулгаас өөрийгөө хамгаалах боломжийг устгалаа” хэмээн шүүмжилцгээж байна.
Ингэвэл бас Apple-ийн App Store, Google-ийн Play Store аппликэйшн дэлгүүрүүдийн хэрэглэгчдээ хамгаалах дүрэм зөрчигдөж болзошгүй юм.
Сошиал медиа аппликэйшнүүд хэрэглэгчээ ийм боломжоор хангасан байхыг дээрх дэлгүүрүүд шаарддаг байна. Хэрвээ шаардлагыг хүлээж авахгүй бол X аппликэйшнийг тэд түгээхээ зогсоох юм.
Бас X платформд шинэ дүрэм үйлчилж эхэлбэл одоогийн "блоклогдсон" хэрэглэгчдийн статус яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC