Оросын эрх баригчид тус улсын тэргүүн баячуудын нэгний хөрөнгийг хураахаар шүүхэд хандсан тухай Ням гарагт Financial Times сонин мэдээлжээ.

Уг хөрөнгөтөн нь одоо Арабын Нэгдсэн Эмират Улсад оршин суудаг Андрей Мельниченко юм байна.

Тэрбээр Оросын тэргүүн баячуудын жагсаалтын есдүгээрт $13 тэрбумын хөрөнгөөрөө эрэмбэлэгддэгийг Блүүмбэрг мэдээлсэн байдаг.

Энэ сарын эхээр эрх баригчид Сибирийн Красноярск хотын шүүхэд Мельниченкогийн эсрэг гомдол гаргасан байна. Түүнийг 2018 онд эрчим хүчний Сибэко компанийг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэж үзжээ.

Мельниченко уг компанийг 36 тэрбум рублиэр ($571 сая) худалдаж авсан юм.

Түүнд компанийг зарах шийдвэр гаргасан Оросын засгийн газрын сайд асан 2019 онд өмч хөрөнгө хувьдаа завшсан хэргээр баривчлагдсан байна.

Одоо Оросын прокурорууд Сибэко компанийг буцаан нийгэмчилж, төрийн өмчлөлд авахаар ажиллаж байгаа гэнэ. Мельниченкогийн бие төлөөлөгчид өмчөө хамгаалахаар шүүх хуралд бэлдэж буй тухай Financial Times сонинд мэдээлжээ.

Энэ хэргийн шүүхийн эхний сонсгол есдүгээр сарын эхээр товлогдсон байна.

Мельниченкогийн энэ хэрэг Украины дайны дараа эх орноосоо дүрвэсэн хөрөнгөтнүүдийг Москвагийн эрх баригчид намнаж эхэлсний нэг илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Энэ оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа эх орондоо хөрөнгө оруулахыг уриалж байв.

“Хариуцлагатай бизнес эрхлэгч бол эх орныхоо ашиг сонирхлыг ойлгож, үйл ажиллагаа явуулдаг жинхэнэ Оросын иргэн байх ёстой. Тэд оффшор бүсэд хөрөнгөө нуудаггүй, гадаадын эрх баригчдаас хамааралгүй, улс орондоо бүртгэлтэй бизнес эрхэлдэг хүн байх ёстой” гэж Путин тэр үед хэлж байжээ. Мельниченкогийн хөрөнгийн гол эх үүсвэр нь бордоо үйлдвэрлэгч ЕвроХим, нүүрс олборлогч Суэк компаниуд юм.

2022 оны гуравдугаар сард тэр Өрнөдийн хэвлэлд ярихдаа Украины дайныг “эмгэнэлтэй үйл явдал” гэж тодорхойлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider