Нидерландын шар айраг үйлдвэрлэгч Heineken удаан хугацаанд үргэлжилсэн ОХУ-ын зах зээлээс гарах ажиллагаагаа өчигдөр өндөрлүүлсэн байна.

Өрнөдийн компаниудын гарах босгыг Москвагийн эрх баригчид зориуд өндөрсгөсөн нь муугаар нөлөөлж, ОХУ дахь долоон үйлдвэрээ 300 сая еврогийн алдагдалтайгаар Оросын Арнест группт зарахаар болсон тухай Heineken мэдээлжээ.

Тодруулбал Орос дахь бүх хөрөнгөө үнэгүй буюу бэлгэдлийн нэг еврогоор шилжүүлсэн байна.

Amstel, Birra Moretti, Tiger зэрэг брэндүүдийг эзэмшдэг тус компани Украины дайн эхэлсний дараахан Оросоос гарах шийдвэрээ зарласан ч үйл явц бараг жил хагас орчим хугацаанд сунжирсан юм.

Оросын 1,800 гаруй ажилчдынхаа хувь заяаг нааштайгаар шийдвэрлэхийн тулд ийм урт хугацаа зарцуулах болсноо Heineken тайлбарлажээ.

Тус компанийн үйлдвэрүүдийг худалдаж авсан Арнест групп нь металл савлагааны томоохон үйлдвэртэйгээс гадна гоо сайхан, ахуйн хэрэглээний барааны Оросын хамгийн том үйлдвэрлэгч юм байна.

Ажилчдыг нь гурван жилийн турш үргэлжлүүлэн ажиллуулах баталгааг Арнест группээр гаргуулахад яриа хэлэлцээний ихэнх хугацаа зориулагдсан тухай Heineken мэдээлжээ.

“Манай Оросын зах зээлээс гарах үйл явц дууслаа. Томоохон үйлдвэрлэгч компаниуд Оросоос гарахад маш хэцүү болсон нь эндээс харагдаж байна. Хэдийгээр төсөөлж байснаас урт хугацаа орсон ч бид ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, энэ улсаас хариуцлагатайгаар гарах боломжтой боллоо” гэж Heineken компанийн гүйцэтгэх захирал Дольф Ван Ден Бринк мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Оросын зах зээлээс гарах гэж буй гадаадын компаниуд тус улсын сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой болсон юм.

Зөвшөөрөл авахад зургаагаас 12 сарын хугацаа шаардагддаг бөгөөд зарим стратегийн ач холбогдолтой салбарын асуудлыг ерөнхийлөгч Путин өөрөө шийдвэрлэдэг болжээ.

Өнгөрсөн сард өөр нэг шар айраг үйлдвэрлэгч Carlsberg компани Оросоос гарахад өмчийг нь түр хугацаанд төрийн мэдэлд авах шийдвэрийг Путин гаргаж байв. Baltiкa брэндийг эзэмшигч тус компани өмнө нь нэр үл мэдэгдэх нэг худалдан авагчид үйлдвэрээ зарахаар тохиролцоод байсан юм. Гэтэл Путиний шийдвэр уг наймааг нь тасалдуулсан байна.

“Carlsberg групп Оросын эрх баригчдаас ерөнхийлөгчийн зарлиг болон бусад шийдвэрүүдийн талаар ямар ч мэдэгдэл аваагүй байна” гэж тус компани мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Reuters