"Эрдэнэс Монгол" ХК өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байв.
Долоон газартай байхаар бүтцээ шинэчлэн 88 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж ажилтан авсан ч нэлээдийг нь халсан гэх мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулаад буй.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан Б.Ундармаа, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер асан Г.Хандцоож нар ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухайгаа хэвлэлд ярьсан билээ.
Тодруулбал "Сонгон шалгаруулалтаар орсон зургаан хүнээс нэг нь л албан ёсоор ажиллаж байна. Нэгийнх нь туршилтын хугацаа дуусаагүй. Бусад нь бүгдээрээ халагдсан, солигдсон, ийм хүнд сурталтай газар ажиллахгүй гээд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн" талаараа Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан Б.Ундармаа мэдээлсэн.
Тус компанийн ахлах менежер байсан Г.Хандцоож "Нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн долоон ахлах менежерээс одоо гурав нь л ажиллаж байгаа" гэжээ.
Харин "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "Хоёр ахлах менежерийг туршилтын хугацаанд ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй учир туршилтын хугацааны гэрээг дуусгасан" хэмээн ярьсан байв.
"Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж үзэн туршилтаар ажиллуулах гэрээг дуусгавар болгосон"
Тус компаниас өгсөн мэдээлэлд "Засгийн газраас төрийн өмчит компанийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-аас 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд сонгон шалгаруулалтаар орж ирсэн ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан. Үүнээс таван ажилтан туршилтын хугацаанд ажлын байрандаа тэнцэхгүй байсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасны дагуу дуусгавар болгосон.
Дээрх ажилтны нэг нь ажил олгогчийн шийдвэрийн талаар байгууллагын удирдлага болон ажилчдад цахим шуудан илгээсэн бөгөөд тухайн захидалд дурдсан асуудал нь үндэслэлгүй мэдээлэл байсан. Бусад ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.
Тухайн ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан. Туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасны дагуу туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан байдаг.
Туршилтын гэрээг нэг удаа байгуулж, нэг удаа сунгаад нийт зургаан сарын дараа дуусгавар болгох шийдвэр гаргасан гэсэн үг" хэмээв.
"Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 38 ажилтанд холбогдох тэтгэмжийг олгосон"
Мөн "Сонгон шалгаруулалт зарлахаас өмнө "Эрдэнэс Монгол" ХХК-д 62 ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байснаас долоон ажилтан нь хүүхэд асрах чөлөөтэй байсан.
Үүнээс Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1-д "Аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй долоон ажилтан болон 0-3 хүртэл насны хүүхэдтэй, жирэмсэн есөн ажилтан буюу нийт 16 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлсэн.
Үлдсэн 46 ажилтанд холбогдох тушаал шийдвэрийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох мэдэгдлийг хүргүүлсэн. Гэхдээ сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй үлдсэн. Эдгээрээс найман ажилтан сонгон шалгаруулалтад тэнцэж буцаж томилогдсон бөгөөд 38 ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Захидалд дурдагдсан тэтгэмжийн хэмжээг худлаа бичсэн, дахин нэлээд зардал гарах мэтээр огт үндэслэлгүй зүйл бичсэн байсан. Цаашид ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжтэй холбоотой зардал гарахгүй.
Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон 38 ажилтнаас 11 ажилтан тухайн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд яг одоогоор шүүхээс ажилд буцаан томилох шийдвэр гарсан тохиолдол байхгүй байна.
Одоогийн гүйцэтгэх удирдлагын тушаалын хүрээнд маргаан үүсгэсэн ажилтнуудын шүүх хурал эхлээгүй байгаа бөгөөд компанийн зүгээс хэлцэл хийж Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон тул шүүхийн явцад компанийн байр суурийг хамгаалж ажиллана. Үндсэндээ бүх зүйл хуулийн дагуу явж байгаа" гэв.