СU брэндийг Монгол Улсад нэвтрүүлэгч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг.
- CU конвиниенс дэлгүүр анхны салбараа нээгээд таван жилийн ойтойгоо золгож байна. Өнгөрсөн хугацаан дахь ололт амжилтаас тань яриагаа эхэлье.
Конвиниенс дэлгүүрийн бизнесийн загвар нь хүн бүрд хүртээмжтэй, тэдний амьдралын салшгүй нэг хэсэг байдаг онцлогтой. Ийм учраас нийгмийн дэд бүтэц ч гэж нэрлэдэг. Бид таван жилийн өмнө Монгол Улсад анхны конвиниенс дэлгүүрийн сүлжээг нэвтрүүлж эхлэхдээ Монгол хүн бүрийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон, хүртээмжтэй бизнес байх зорилго тавьж байсан. Энэ зорилгодоо ч хүрсэн гэж дүгнэж байна. Өнөөдрийг хүртэл CU дэлгүүрүүд давхардсан тоогоор 92 сая хэрэглэгчдэд үйлчилж, дотоодын 600 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, 16 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсын төсөвт 33.9 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төвлөрүүлжээ. Өнөөдөр бид 330 орчим дэлгүүрээр өдөр бүр 140 мянган хүнд үйлчилж байна. Ингээд харахаар CU өнгөрсөн таван жилд Улаанбаатар хотын хүн бүрийн амьдралтай ямар нэг байдлаар холбогдож, худалдаа үйлчилгээний салбарын тэргүүн компани болжээ.
CU БРЭНД 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧ, БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧДЭЭС 600 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙСЭН
- CU брэндийн энэ амжилтын түлхүүр нь юу байсан бол?
Мэдээж хэрэг аливаа амжилт хөрөнгө оруулагч нарын алсын хараа, ажилтнуудын ур чадвар, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ манай брэндийн амжилтын гол түлхүүр нь хүн бүрийн амьдралд үнэ цэн бүтээж, хүн бүрд хүртээмжтэй байх, хамтдаа өсөж хөгжих гэсэн үндсэн философи маань байсан болов уу. Энэ бол ганц бидний амжилт биш юм. CU бол үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчдийг хэрэглэгчтэй уулзуулдаг дэд бүтэц. Тийм болохоор бэлтгэн нийлүүлэгчид, түнш байгууллага, ажилтан албан хаагчид маань ч CU-тэй хамт олон улсын стандартад нийцэхээр тасралтгүй өсөж хөгжсөөр ирсэн.
Манай бэлтгэн нийлүүлэгч болсон гэр бүлийн бизнесүүд өнөөдөр хөл дээрээ бат зогссон томоохон үйлдвэр болон өргөжсөнийг харах нь бидэнд сайхан байдаг. Хийж буй ажил минь утга учиртай санагддаг гэх үү. Нэг жишээ хэлэхэд л 2019 онд хамтын ажиллагаагаа эхэлж байсан компаниудаас 3 жилийн хугацаанд борлуулалтаа 117 дахин өсгөсөн компани ч байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай компани зөвхөн дотоодын үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчдээс нийт 600 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Бид өсөж хөгжихийн хэрээр энэ тоо ч цаашид өснө.
Хоёрдугаарт, бид зөвхөн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаагаа хүртээмжтэй гэж тодорхойлдоггүй. Манай компани эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэгш оролцоогоор хангах, Улаанбаатар хотын бүх бүсэд дэд бүтцээ хүргэх, цаашлаад Монгол орныг хамарсан дэд бүтэц байгуулах зэргээр бүхий л талбарт хүртээмжтэй байхад зогсолтгүй анхаарсаар ирсэн. Цаашид ч энэ чигээсээ хазайхгүй. 2021 онд олон нийтийн компани болж, 10 мянга гаруй хөрөнгө оруулагчдыг татсан маань ч нийтэд зориулагдсан энэ бизнес өөрөө нийтийн оролцоотой байх ёстой гэсэн манай бизнесийн зарчмаас улбаатай.
CU МОНГОЛЫН ХАМГИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ КОМПАНИ
- Сэнтрал Экспресс Си Ви Эс компани саяхан II улирлын тайлангаа олон нийтэд танилцуулсан. Танай компанийн санхүүгийн үзүүлэлтүүд олон нийтэд нээлттэй болж байх үеийн төсөөлөлдөө хүрэхгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд шүүмжлэл тархсан. Энэ тал дээр гүйцэтгэх захирал хүний хувьд танаас тайлбар сонсох ёстой байх.
Санхүүгийн тайлангийн тоо бүр өөрөө утга учиртай байдаг учраас зөвхөн ганц нэг тоо компанийн нөхцөл байдал, цаашдын ирээдүйг илэрхийлж чадахгүй. Санхүүгийн үзүүлэлтүүдээс борлуулалтын орлого 2021 онд танилцуулж байсан төсөөллөөс 5% доогуур байгаа. Гэхдээ энэ оны эцэс гэхэд борлуулалтын орлого 400 тэрбум төгрөгийг давж, 2021 оны төсөөллийг давна гэсэн хүлээлттэй байна. Харин борлуулалтын өртөг төсөөллөөс өндөр байснаас нийт ашиг хасахтай гарсан. Зарим хүмүүс борлуулалтын өртгийг борлуулсан барааны өртөгтэй андуурч төөрөгдөл үүссэн харагдсан. Борлуулалтын өртөгт борлуулсан бараа бүтээгдэхүүний өртгөөс гадна түгээлт, элэгдэл зэрэг дэлгүүртэй холбоотой зардлууд багтдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Бидэнд үндсэн хоёр том сорилт тулгарч байна гэж харж байгаа.
Нэгдүгээрт, хүний нөөцийн чадавхын асуудал. Бид хурдтай тэлэхийн хэрээр олон тооны ажилтныг ажилд авч, үйлчилгээний стандартад сургах шаардлагатай болсон. Таван жилийн хугацаанд 16 мянган хүнийг ажлын байраар хангасан бол өнөөдөр 3400 орчим ажилтантай ажиллаж байгаа.
Хоёрдугаарт, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагаа дээр бидний төсөөлж байгаагүй хүндрэлүүд үүссэн. Ковидын үеийн хүндрэлүүдээс үүдэлтэй барааны нийлүүлэлт 50% хүртэл унаж байсан бол одоо ч бүрэн сэргээгүй 77%-тай байна. Үүнээс үүдэн хүссэн бараагаа дэлгүүртээ бэлэн байлгаж чадахгүй байгаа.
Дээрх асуудлуудыг шийдэхийн тулд бид Солонгос улсын BGF Retail компанийн туршлагатай мэргэжилтнүүдийг урин ажиллуулж байна. Нэгэнт дэд бүтцээ байгуулж, хүний нөөцөө бэлтгэж, сууриа амжилттай цутгаж чадсан учраас дээрх хоёр чиглэлд түлхүү анхаарснаар ашигт ажиллагааг сайжруулна.
- Тэгвэл та бүхэн дараагийн таван жилийн зорилт, алсын хараагаа хэрхэн төсөөлж байна вэ?
Монголчууд конвиниенс дэлгүүрийн соёлыг хурдан хугацаанд өөриймшүүлж, амьдралынхаа нэг хэсэг болгож байна. Их хотын завгүй амьдралын хэв маягийн жишгээр цаг хугацааны үнэ цэн нэмэгдэж байгаа энэ үед хэдийд ч хаанаас ч авч болох, хүний өдөр тутмын хэрэгцээг хангасан, эрүүл найдвартай бүтээгдэхүүнтэй тохилог дэлгүүрүүд амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.
Олон нийтийн компани болж байх үедээ ойрын хугацаанд 700 орчим конвиниенс дэлгүүрийн зах зээлийн багтаамж байгаа юм байна, үүний тал хувийг CU брэнд хангаж, 360 дэлгүүртэй болох зорилго тавьж байсан. Энэ зорилгоо биелүүлээд эргээд харахад конвиниенс дэлгүүрийн зах зээлийн багтаамж 1500 болж тэлсэн байна. Бид 2021 онд санхүүгийн төсөөллөө гаргаж байхдаа үйл ажиллагааны цар хүрээгээ зөвхөн Улаанбаатар хотоор хязгаарлаж байсан. Тэгвэл өнөөдөр бид орон нутаг руу бараа бүтээгдэхүүн хүргэх дэд бүтцээ хөгжүүлж чадсан, нөгөө талд орон нутагт ч конвиниенс дэлгүүрийн эрэлт хэрэгцээ байгаа тул хөдөө орон нутаг руу тэлэлт хийж 800 дэлгүүртэй болно гэсэн зорилго өмнө тавиад байна.
Би энд зөвхөн дэлгүүрийн тоо ярилаа. Үүний ард хэрэглэгчдийн нүдэнд ил харагддаггүй олон улсын стандартад нийцсэн хоолны үйлдвэр, түгээлтийн төв, агуулах гэсэн бүхэл бүтэн дэд бүтцийг бид бүтээж, хөгжүүлж байна. Тэгэхээр дэлгүүрийн тоо нэмэгдэх хэрээр энэ дэд бүтэц маань ч улам өргөжин тэлж, улс орныг хамрах болно.
ПРЕМИУМ ГРУПП, BGF RETAIL КОМПАНИУД ИРЭХ САРД СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС ХК-Д 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
- Энэхүү тэлэлтийнхээ хөрөнгө оруулалтыг та бүхэн хэрхэн шийдэж байгаа вэ?
Бид 2021 онд олон нийтийн компани болохдоо татан төвлөрүүлсэн хөрөнгөө 360 салбар дэлгүүртэй болоход зарцуулахаар төлөвлөж, зориулалтынх нь дагуу зарцууллаа. Одоо нэмж байгуулах дэлгүүрүүдийн хөрөнгө оруулалтыг Премиум Групп, BGF Retail хоёр хөрөнгө оруулагчид шийдэх бөгөөд манай компанид ирэх сард нэмж, 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ нэмж гаргах хувьцааг хоёр хөрөнгө оруулагч маань 2021 оны IPO-ийн үнэ болох 208 төгрөгөөр худалдан авах болно.
Сэтгэгдэл (1)