2023 оны гуравдугаар сарын сүүлийн хагаст Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буураад байна. Гуравдугаар сарын 16-наас хойших гадаад валютын дуудлага худалдааны статистикийг харвал,
- 2023.03.16 – 68.3 сая ам.доллар нийлүүлэв;
- 2023.03.21 – 54.8 сая ам.доллар нийлүүлэв;
- 2023.03.23 – 22.2 сая ам.доллар нийлүүлэв;
- 2023.03.28 – 6 сая ам.доллар нийлүүлж, 12 сая ам.доллар банкнуудаас худалдан авав.
Дээрх статистикаас харахад банкуудын ам.доллар худалдан авах эрэлт эрс буурсан нь харагдаж байна. /Зураг1/
Зураг 1: Ам.долларын албан ханшийн өөрчлөлт /2023.03.19-2023.03.29/


Гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт ийнхүү буурсаар хамгийн сүүлийн байдлаар буюу өнөөдрийн дуудлага худалдаагаар банкнуудаас ам.доллар худалдан авах санал ирүүлээгүй бөгөөд эсрэгээрээ Монголбанканд 36 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Дуудлага худалдаагаар банкууд Монголбанканд валют худалдах санал ирүүлсэн, Монголбанк банкнуудаас валют худалдан авсан тохиолдол хамгийн сүүлд 2021 онд тохиож байсан юм.
Энэ утгаараа ам.долларын ханшийн сүүлийн 10 гаруй хоногийн хөдөлгөөн нь төгрөгийн ханш тогтворжиж эхэлж буйн томоохон шинж тэмдэг, дохиог зах зээлд өгч байна.
Харин том зургаараа харвал 2023 оны эхэнд Монгол Улсын Засгийн газар ирэх хоёр жилд төлөх байсан томоохон өр төлбөрүүдээ дахин санхүүжүүлэх хэлцлийг амжилттай хийж, олон улсын зах зээл дээрээс санхүүжилт татаж чадсан. Гуравдугаар сарын эхээр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн зэрэг таатай үйл явдлууд тохиолоо. Эдгээр нь олон улсын зах зээл дээрх Монгол Улсын цаашдын эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг шинжээчид онцолж буй билээ.