УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдах үед цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нэгэн бүлэг болж тусгагдсан байсан боловч хэлэлцэх явцад хасагдан, хуульд тусгалаа олж чадаагүй юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэдээлэлдээ дурдаж, олон улсын байгууллага, зөвлөхүүд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиа нэн даруй батлан, хэрэгжүүлэхийг цаг үргэлж зөвлөж байна гэсэн юм.
Тэрбээр, хүүхдийн эрх цахим орчинд хэрхэн зөрчигдөж байгаа талаар тоо баримт, дотоод, гадаадын судалгааны байгууллага, институциудын судалгааны дүнг танилцуулж, хүүхдүүд цахим орчинд доромжлол, гадуурхалт, дээрэлхэлт болон дарамт шахалт, бэлгийн мөлжлөгт уруу татах зэрэг олон хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг ярилаа.
Түүний дурдсанаар, цахим орчны гадуурхалт, дарамт шахалтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорлосон байна.