Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

"БОАЖЯ-ны ажлын хэсэг Дорнод аймгийн Матад суман дахь "Петрочайна дачин Тамсаг" ХХК-ийн 19 дүгээр талбайд 2022 оны долдугаар сарын 4-8-ны өдрүүдэд ажилласан. Энэ үеэр хугацаа нь дууссан 32 нэр төрлийн 592 тонн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсныг устгуулахаар болсон. Эдгээр химийн бодисуудыг тус компани 2009 оноос өмнө импортлон оруулж ирсэн. Хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хог хаягдал болсон байна.

2022 оны зургаадугаар сард Налаайх дүүрэгт "Элемент" ХХК нь аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авсан нь тус үйлдвэрээр тухайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах боломжтой болсон.

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Элемент ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, 2022 оны арваннэгдүгээр сараас эхлэн Элемент ХХК нь химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлсэн. 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тонн аюултай хог хаягдлыг устгалд оруулаад байгаа мэдээллийг тус яаманд ирүүллээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг 20 га газарт барьж байгуулахаар ажиллаж байгаа"-г БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх хэллээ.