2020-2024 оны парламентын гишүүд гурав дахь жилдээ үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Энэ хугацаанд хоёр удаа Засгийн газар өөрчлөгдсөн бөгөөд нийт хэчнээн гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа талаар танилцуулъя.

2020 оны сонгуулийн дараа байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт дөрвөн гишүүн "давхар дээл"-тэй байсан юм. Учир нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд "давхар дээл"-тэй байж болох сайдын тоог дөрвөөр хязгаарласан.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт

  1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ  
  2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
  3. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 
  4. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар багтаж байв. 
Улмаар амаржаад удаагүй эхийг ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө эрхийг нь зөрчсөнөөс үүдэн 2021 оны нэгдүгээр сарын 22-нд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. 

Үүний дараа буюу 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан бөгөөд хуулийн хүрээнд дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэхээр болов.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт  

  1. Шадар сайд С.Амарсайхан 
  2. Сангийн сайд Б.Жавхлан
  3. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 
  4. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар багтан ажиллаж эхлэв. 
Тэгвэл 2022 оны наймдугаар сарын 15-нд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс “давхар дээл”-тэй холбоотой заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дүгнэлт гаргаж, наймдугаар сарын 25-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, “давхар дээл”-ийг дөрвөөр хязгаарлаж байсан заалтыг хүчингүй болгосон.

Үүнтэй холбогдуулан Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, УИХ-ын есөн гишүүнийг Засгийн газрын гишүүн, сайдаар давхар томилсон юм. 

Шинээр томилогдсон сайд

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун 
  2. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
  3. Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Ж.Ганбаатар
  4. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл 
  5. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 
  6. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 
  7. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 
  8. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар 
  9. Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар "давхар дээл" өмсжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл чуулганы индэр дээрээс ард иргэдээ улны хэмээн доромжилж суудлаасаа буусан бол түүний оронд УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ХНХ-ын сайд болгов. 

2023 оны нэгдүгээр сарын 5-нд Засгийн газрын бүтцэд дахин өөрчлөлт оруулж, гурван гишүүнийг сайдын суудалд залав. 

  1. Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяа
  2. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
  3. Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нар томилогдсон юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг нүүрсний гэх хэрэгт холбогдуулан сайдын суудлаас чөлөөлж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Түүний оронд Боомтын сэргэлтийн сайд Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар сэлгэн томилоод байна. 

Ингэснээр энэ парламентад давхардаагүй тоогоор нийт 18 гишүүн "давхар дээл" өмсжээ.

Түүнчлэн гурван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нар нь хоёр удаа сайдаар томилогдсон байна.