Өмнөговь аймагт 20 мянга гаруй жолооч нүүрс тээвэрлэн хилийн боомт дээр ажилладаг. Гэвч хатуухан хэлэхэд, жолооч нарт амьд явах баталгаа алга. Өмнөговь аймгийн Ханбогд сум, Гашуунсухайт боомтоор л гэхэд манай улсын нүүрсний экспортын 51 хувь, харин Оюутолгойн зэсийн баяжмалын 55 хувийг экспортод гаргадаг. Өөрөөр хэлбэл, тээвэрт явж байгаа жолооч нар том зургаарааа улсын төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө гол ачаа нугалж, тоос шороотой, ийм л хүнд нөхцөлд ажилладаг юм. Тэд ингэж явахдаа эрүүл мэндийн тусламж авч чадалгүй амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олон байна.
Үзэгч таны харж байгаа энэ газар бол Гашуунсухайт боомт, Цагаан хад суурьшлын бүсийн дунд баригдсан, "Тайван зогсоол" нэртэй цогцолбор юм. Энэ газрыг түгээмэл түмэн хишиг компани эзэмшдэг. Төр хувийн хэвшлийн энэ компанитай тохиролцсоны үр дүнд бүтээн байгуулалт өрнүүлж, энд байгаа эмнэлгийн зориулалтаар ашиглахаар одоогоос 3 жилийн өмнө шийдэлд хүрсэн байдаг. Улмаар, эмнэлгийн тоног төхөөрөмжийг "Эрдэнэс тавантолгой" хувьцаат компани хариуцан гаргахаар болж, нийт 1,1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авч өгчээ. Гэвч эмнэлгийн барилгыг одоог хүртэл ашиглаж чадахгүй, цоожтой хэвээрээ өдийг хүрч байна. 7 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал, төсөвт өртөгтэй Ханбогд сумын эмнэлэг 20 мянган жолоочийг хүлээж авах боломжгүй. Хуулиараа ч хязгаардлагдмал.