Хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзэхэд гэр бүлийн хамаарал бүхий этгээдээс үйлдэгдсэн нь нийт тохиолдлын 70 хувийг эзэлж байна. Энэ нь эцэг эхийн хараа хяналт, ёс суртахуун, гэр бүлийн салалт, ажилгүйдэл, архидан согтуурсантай холбоотой.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Дунд сургуулийн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, жирэмслэлтийн асуудал газар авлаа. Хөдөө орон нутагт дунд сургуулийн хүүхдүүд нөхөрт гарч байна. Энэ асуудал ганц Дорноговь аймагт ийм байгаа юм уу гэж бодоод бусад гишүүнээс асуухад яг адилхан гэдэг. Тэд дунд сургуульд байхдаа ээж болохгүйн тулд хүссэн хүсээгүй үр хөндүүлж байгаа.
Хэдэн жилийн өмнө дунд сургуульд эрүүл мэндийн хичээл ордог байсныг болиулсан. Бэлгийн амьдрал ийм байх ёстой, ийм өвчин зовлон байдаг гэдгийг таниулах ёстой. Тэгэхээр бид эмгэнэл болж байгаа энэ асуудлаа тойроод ярих хэрэгтэй.
ХЭҮК-ын дарга Х.Жунан: Суман дахь дотуур байрны хөшиг байхгүйн улмаас хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж болзошгүй нөхцөл байдал байна. Албан бус байдлаар цагдаагийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтраад тогтмол сургалт зохион байгуулж байгаа ч хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг гарсаар байгаа.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа н.Болормаа: 2023 оны нэгдүгээр улиралд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэрэг 80 бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн. Насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 179 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 43 хувиар буурсан.