Парламентийн гишүүдийн тоог 152 болгохоор хуулийн төслийг өргөн барьсан нь олон хүнийг гайхширахад хүргэсэн билээ. Тэгвэл Засгийн газар болон хууль судлаачдын тайлбарласнаар:
- Парламентийн гишүүд иргэддээ илүү ойр хүрч ажиллах
- Хууль тогтоомж цөөхөн хэдэн гишүүний саналаар батлагддаг асуудлыг арилгах
- Гүйцэтгэх эрх мэдэл болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хадгалахад маш чухал үр нөлөөтэй хэмээн тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл 76 гишүүн нь 3 сая иргэддээ хангалттай хүрч ажиллаж чадахгүй байгаа учраас тоогоо олон болгож байгаа юм.
2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар ярьж байна. Ингэхдээ 76 гишүүнийг тойргоос сонгож, 76 хүнийг намын жагсаалтаар УИХ-д оруулж ирэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Үүнтэй холбоотойгоор нийгэмд "Гишүүдийн тоо багадсанаас болоод улсад хулгай нүүрлэж, хямралд өртөж, тартагтаа тулсан уу хэмээн асууж байна. Улстөрийн намуудын тухайд ч 152 гэдэг хэтийдсэн тоо гэж эсэргүүцэж байна.
Эрх баригч намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улсын хэмжээнд зөвлөлд санал асуулга зохион байгуулсан. Төрийн ордонд зөвлөлдсөн иргэд системийн гажуудлаа зас гэж зөвлөмж хүртэл гаргасан. Гэвч МАН-ынхан цагаа тулахаар тэр бүгдийг тас мартаж, зөвхөн гишүүдийн тоог нэмж орхиё гэдэг ганцхан заалтыг Үндсэн хуульд оруулж байна. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж зөвлөлдөх санал асуулга явуулсны ашиг нь юундаа байна вэ? Үүний хариуцлагыг хэнээс нэхэх вэ? УИХ-ын дарга Г.Занданшатар хариуцах уу, эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үү? Эрх баригчид зөвхөн ирэх сонгуулиа, сонгуулийн тохироогоо л бодож байна.
Ямартай ч УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор хэлэлцэж эхэллээ. Намуудын тухайд гишүүдийн тоог нэмэх дээр ямар нэг байдлаар санал нэгдэж байна. Гагцхүү 150-аас доош болгож бууруулах уу гэдэг нь анхаарал татаж байна.