Перугийн өмнөд хэсэгт орших "Ла Эсперенцо" алтны уурхайд бямба гарагт гал гарсны улмаас 27 хүн амиа алджээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад уул уурхайн салбарт тохиолдсон хамгийн ноцтой явдал болж байна. 

Уг ослын үеэр хоёр хүнийг аварсан талаар орон нутгийн захиргаанаас мэдээлжээ. Урьдчилсан байдлаар цахилгаан тоног төхөөрөмжийн богино холболт үүссэний улмаас гал гарсан гэж таамаглаж байна.

Гал гарах үед уурхайчид 80-100 метрийн гүнд ажиллаж байсан гэх эхний мэдээллүүд гарчээ. Ослын талаарх дуудлага өгсний  дараа аврах багийн 30 алба хаагчийг уурхай руу илгээсэн байна. 

La Republica  сонины мэдээлснээр уурхайчдын ар гэрийхэн ослын газар ням гарагийн өглөө очсон ч тэднийг уурхай руу нэвтрүүлээгүй байна. Тус уурхайн үйл ажиллагааг явуулдаг Yanaquihua компаниас одоогоор тайлбар мэдээлэл өгөөгүй аж.