Татварын Ерөнхий Газар нь Монгол Улсын шилдэг татвар төлөгч байгууллагуудыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжээс гадна сегмент тус бүрээс бизнес скоринг оноогоороо А үнэлгээ авсан компаниудыг шалгаруулсан. Мобиком Корпорацийн хувьд улсын төсөвт оруулсан хувь нэмрийг үнэлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж, татвараа цаг хугацаанд нь төлж, үнэн зөвөөр тайлагнаж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдгийг онцолж, Шилдэг татвар төлөгчөөр шалгарууллаа.

Өдгөө Мобиком Корпораци нь Мобиком групп болон өргөжиж, 1’500 гаруй ажилтныхаа хамт байгууллагад зориулсан харилцаа холбоо мэдээллийн технологийн цогц үйлчилгээ, финтек, дижитал контент, ТВ видео стриймингийн үйлчилгээг орон даяар үзүүлж байна.

Мобиком байгуулагдсан цагаас хойш группийн хэмжээнд 1 их наяд төгрөгийг татварт, 90 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн бөгөөд энэхүү тоон үзүүлэлтийн цаана зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, орон даяарх дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэ техник технологийн хөрөнгө оруулалт, нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй төслүүдийн үнэ цэн, хувь нэмэр үнэлэгдэж байгаад баяртай байна.